Цоодолын Хуланг Эрүүгийн хуулийн 19.4.1 зүйл ангиар Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн шөнө 01 цагийн үед саатуулжээ. Түүнийг одоо хорих 461-р ангид хорьсон бөгөөд хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Ц.Хулан нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын соёл, шашны бодлогын орон тооны зөвлөхөөр ажиллаж байв.
Түүнийг ямар шалтгаанаар саатуулсан талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр “Би ТЕГ-ын дарга П.Одонбаатартай утсаар холбогдож мэдээлэл авсан. Яруу найрагч Ц.Хуланг тэдний харьяаллын хэрэг дээр шалгах шаардлагатай болоод баривчилсан. Эрүүгийн хуульд заасан төрийн эсрэг гэмт хэргийн бүлгийн тодорхой хэрэгт холбогдуулан шалгах шаардлага байна гэсэн мэдээллийг өгсөн" гэлээ.