Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 58 секунд

Шүүхийн тангараг ба тонгорог!

УИХ-ын Б.Энхбаяраар ахлуулсан түр хорооныхон бүтэн долоо хоногийн турш Төрийн ордонд Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй “байцаалт” явуулав. Нэг талаасаа хэн, ямар зорилготой зээл авсан нь олон нийтэд ойлгомжтой болсон. Ингэснээр “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Бэрэн”группийн Б.Мөнхтөр нар зээлээ зориулалтын бусаар ашигласан, Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр хоёр хоногийн өмнө худалдаж авсан 100 сая төгрөгийн үнэлгээтэй газраа 50 сая ам.долларын зээлийн барьцаанд тавьсан гээд анхнаасаа Хөгжлийн банкийг тонож дээрэмдэх зорилготой байсан нь илчлэгдэв.

Нөгөө талаасаа хууль тогтоогчид нь хууль сахиулагч болж хувирвал хуулийн засаглал тогтохгүй. Хуулийн засаглал бол хууль сахиулах, хууль боловсруулах, хууль тогтоох байгууллага нь өөр, өөрийнхөө үндсэн эрх, үүргээ мөрдөхийг хэлнэ. Хэдийгээр нээлттэй сонсгол явуулсан зорилго нь зөв ч арга нь буруу байсан. Гэхдээ хууль, шүүхийнхэн нь шударга бус байгаа нөхцөлд УИХ нь УДШ болохдоо тулж байна, харамсалтай нь.

Нэг.

Ийм нэг үг байдаг, “Шударга ёс хүчгүй байвал аюултай. Хүч чадал шударга бус байвал бас аюултай” гэж. Монголын нийгэмд шударга ёс нь хүчгүй, хүч чадал шударга бус байгаа. Шударга ёсыг тогтооход хууль шүүхийнхний шударга ёс хамгаас чухал. Гэвчиг тэд нь мөнгөтэй цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэг субъект болоод удаж байна.

Үүний нэг жишээ нь, өмгөөлөгч Б.Баасанцогтын данснаас нэр бүхий 11 шүүгчид 2017 оны долдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 47 сая төгрөг шилжүүлсэн баримт.

Б.Баасанцогт нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүхийн гарын хүн гэвэл Х.Баттулга түүгээр дамжуулан шүүгч нарт хэрэг захиалдаг байсан гэсэн үг. Хамгийн гол нь Б.Баасанцогтын дансаар дамжуулан мөнгө авсан нэр бүхий 11 шүүгч ажлаа хийсээр байгаа гэвэл шүүхийг хэн шүүх вэ гэх асуулт тавигдах нь зүйн хэрэг.

Хөгжлийн банкийг тонож идсэн хэрэг гэнэтхэн 2022 онд гарч ирсэн асуудал огт биш аж. 2019 оноос хойш зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар “Эрэн”, “Бэрэн” зэрэг компаниудтай Хөгжлийн банк шүүх дээр зарга үүсгэсэн хэдий ч өнөөг хүртэл анхан шатны шүүх хурлын шийдвэр нь гараагүй. Хэрэвзээ хэн нэгэн Эрдэнэбат өнчин ишиг хулгайлсан бол аль “уже” шоронд хоригдсон. Уг нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат иргэн Эрдэнэбат хоёрт хууль ижил үйлчилж байж Монголд шударга ёс тогтох юм. Харин хууль, шүүхийнхэн нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад нэг өөр, иргэн Эрдэнэбатад тэс өөр хандвал Монголд шударга ёс тогтохгүй, битгий горьд. Монголд хувь хүний засаглал тогтох эсвэл хуулийн засаглал бэхжих эсэх нь хууль, шүүхийнхнээс л хамаарна.

Хоёр.

Хөгжлийн банкийг тонож идсэн гэх дуулиан дэгдээд бараг нэг жил өнгөрчээ. Хууль, шүүх нь хууль, шүүхийнхээ хуульд захирагддаг, өргөсөн тангарагтаа үйлчилдэг бол өнөөдөр энэ хэрэг эцэслэгдэж, буруутай нь ялаа үүрээд, буруугүй нь нэрээ цэвэрлэх байв. Нөгөөтэйгүүр ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон улстөрчдөөс дөрвөн гишүүн ял шийтгэл хүлээсэн, Б.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Б.Батзориг нар.

Зээлээ зориулалтын бусаар ашигласан гэж Улсын Ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргаж байсан УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдөр “шүгэл үлээгч” болчихсон явж байх жишээний. Л.Энхболдын хэргийг хэн, хаана “мулталж” аваад үлдээчихсэн юм, бүү мэд. Энэ мэтээр шүүх засаглалд дабль стандарт үйлчилбэл нийгэмд дабль стандарт бий болно гэсэн үг.

Шүүх нь тангарагтаа үйлчилбэл шударга ёс тогтоно. Тангаргаасаа няцвал шүүх засаглал эрх мэдэлтэй, мөнгөтэй цөөнхийн “тонгорог” болно. Тиймээс Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын авлигын хэргийг Монголын шүүх хэрхэн шийдэхийг нь харж л сууя. Шүүх хүн хэлмэгдүүлж болохгүй бас хүнд ял завшуулж бүр болохгүй.

Эх сурвалж: news.mn

Цагаан сараар гурав хоног амарна Б.МАНЛАЙ
Цагаан сараар гурав хоног амарна Б.МАНЛАЙ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.