Нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
"Нүүрс худалдах, худалдан авах, олборлох, гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, С зөвшөөрөл олгох, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд бараа ажил үйлчилгээг худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргүүдэд ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр явуулж байна.
Ажлын хэсэг нийт 36 хэргийг мөрдөн шалгаж байгаагаас гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар 127 объектод нэгжлэг хийж, хүний бие эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, гэрчээр 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулаад байна.
Одоогийн байдлаар нийт 66 иргэн, албан тушаалтныг яллагдагчаар татсан бол 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан. 15 яллагдагчийг цагдан хорьсноос 7-г нь үргэлжлүүлэн хорьж байна.
Хэрэгт холбоотой 19 хүнд хилийн хориг, албан үүргийг түдгэлзүүлэх арга хэмжээг 5, хувийн баталгаа гаргах арга хэмжээг 35 яллагдагчид авсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийг хахууль авсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул хөрөнгийг битүүмжилсэн.
Тодруулбал, 78 орон сууц, оффисын талбай 3, 43 машин, 4 газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь дансны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэт цаас, бондыг битүүмжиллээ.
Үүнээс гадна нэгжлэгээр илэрсэн 630 сая төгрөг, 230,000 ам.долларын эх үүсвэрийг шалгаж байна.
Битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийн тухайд Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд нь Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанитай гэрээ байгуулах явцдаа хахууль авчээ.
Хахуулийн мөнгөнөөсөө Хан-Уул дүүрэгт 4.6 га талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд зарцуулсан нь гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуух зорилгоор өөрчилсөн нь алба тушаалтан хахууль авах, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
Мөн Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз, нөхдийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 464.5 м.кв бүхий оффисыг 2.5 тэрбум, мөн 530.9 м.кв бүхий оффисыг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, хамаарал бүхий этгээдийн нэр дээр үнэт цаас, бонд авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байна.
Тухайн оффисоо түрээслэх замаар 1.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь тогтоогдсон бөгөөд уг оффисыг битүүмжилсэн" хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг мэдээллээ.