Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь Таван толгойн орд газарт хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч улмаар хахуульд авсан мөнгө нэр бүхий хуулийн этгээдийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах эрхтэй 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, зорилгоор өөрчилсөн.
Албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна.
Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхрийн хамааралтай этгээдийн нэр дээр 2020 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалт бүхий барилгаас 464.54 м.кв талбай бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.09 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байх бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй түүнчлэн хамаарал бүхий хүмүүсийн нэрээр бонд, үнэт цаас авч “Үндэслэлгүй хөрөнгөжих”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нийт 7.9 тэрбумын барилгын ажил хийгдсэнээс 5 тэрбум орчим нь авлигын мөнгө гэдэг нь тогтоогдсон.
Түүнчлэн тухайн оффисоо түрээсэлж 1.091.152.412 төгрөг олсон нь тогтоогдож байна. Үүнтэй холбогдуулан уг оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.
Дээрх үйлдлээс гадна төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн найзын компанийг шалгаруулж санхүүжилт авч банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэл нь тогтоогдон шалгагдаж байна.