Дэлхий нийтийн өмнө тулгараад буй хүнсний хомсдол, өлсгөлөн, хүнсний хямралыг эрчимжүүлж буй хамгийн том хүчин зүйлс нь ОХУ-Украины дайн болон сүүлийн 10-аад жил олон улсын анхаарлын төвд байгаа уур амьсгалын өөрчлөлт юм. 2022 онд ОХУ Украины дайн, Тайваны хоолойн хямрал, хүнсний худалдааны саатал, дэлхийн санхүү, эдийн засгийн шок, Европын эрчим хүчний хямрал зэрэг томоохон үндэстэн дамнасан бэрхшээл тулгарсан жил байв. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага /FAO-Food and Agriculture Organization/, Олон улсын валютын сан зэрэг байгууллага 2023 онд хүн төрлөхтний өмнө тулгамдаж буй асуудлуудаар ОХУ Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, эдийн засгийн шок зэргийг нэрлэжээ.
Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй дээрх асуудлууд нь хэтдээ дараагийн том сорилт хүнсний хомсдол, “хүнсний хямрал”-д хүргэх юм.
2022 оны сүүлээр дэлхийн нийт хүн ам 8 тэрбум хүрч байхад дэлхийн эдийн засаг тус онд 3.2% хүртэл унаж, энэ онд бүүр 2.7% болох төлөвтэй байна. Дэлхийн инфляц 2022 онд 8.8% хүрсэн ба энэ онд 6.5%, 2024 онд 4.1% болно гэх таамаглал гарсан. Уур амьсгалын тухайд далайн дундаж температур 2021 онд түүхэн дээд хэмжээндээ хүрэв. 2021, 2022 онд дэлхийн дундаж температур +1.5-аас +2оС хэм хүрч дэлхий нийтээрээ ган гачиг үзсэн халуун жилүүд үргэлжиллээ.
2023 оны өвөл түүхэнд байгаагүй хамгийн дулаан өвөл болж Европын зарим оронд цас огт ороогүй бөгөөд цанын баазууд үүдээ барьж, Баруун Европт 1 дүгээр сард нэмэх (+) хэмтэй гарч буй учраас 2023 оны зун хүчтэй халж, ган болж магадгүй гэсэн таамаг байна.
Дэлхийн Хүнсний Хөтөлбөрт /WFP–World Food Program/ дэлхийн хүнсний даац 8 тэрбум хүртэлх хүнийг тэжээх чадвартай, 8 тэрбум давсан тохиолдолд олон улсын хэмжээнд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Гэтэл НҮБ-ын хүн ам зүйн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум, 2050 он гэхэд 11.5 тэрбум хүрнэ гэсэн тооцоо бий. Эндээс үзэхэд дэлхийн хүнсний хямрал 2030 онд ноцтой асуудал болж 2050 онд сүйрлийн хэмжээнд хүрэх түгшүүр харагдаж буй.
Түүнчлэн дэлхийн эдийн засаг хямралтай байгаагийн сацуу зарим улс орны төрөл бүрийн бордоо, үр, тариалангийн бусад бодис, урвалжуудыг худалдан авах эрэлт, үнийн өсөлт нь ургацад шууд нөлөөлж байна. ОХУ Украины дайн дэлхийн үр тариа, биологийн болон химийн бордоо, наранцэцгийн үр, тос, мал амьтны тэжээлийн нийлүүлэлтэд хүчтэй нөлөөлж дэлхийн зах зээл дээр огцом үнийн өсөлт үүсгэж байгаа нь ядуу, буурай, хөгжиж буй орнуудад хүнд тусаж байна.
Дэлхийн Хүнсний Хөтөлбөрөөс дэлхий дээр 4 хүн тутмын нэг нь өлсгөлөн байдаг харин 5 хүн тутмын нэг нь шим тэжээлийн дутагдалтай гэх өвөрмөц дүгнэлт гаргасан нь хүнсний асуудал хүн төрлөхтний өмнө хэдийн тулгаараад буйг харууллаа.
Дэлхийн хүнсний хямрал ба Тогтвортой хөгжлийн зорилт
Ковид-19 цар тахал удаан үргэлжилснээр дэлхий дахин “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийг биелүүлэхэд хүндрэлтэй болоод байна. 2021 онд улс орнуудын эдийн засгийн сэргэлт жигд бус байв. Эдийн засгийн сэргэлтэд хамгийн их нөлөө үзүүлж буй БНХАУ 2022 оны турш хэрэгжүүлсэн “тэг Ковид” бодлогоо 2023 оны 1 дүгээр сараас өөрчилж хөл хориог сулруулсан нь дэлхийн хүнсний худалдаа, ХАА-н импортын бүтээгдэхүүний хангамжид эерэгээр нөлөөлөх төлөвтэй байна. Гэсэн ч хөгжиж буй, буурай эдийн засагтай орнуудын хүнсний аюулгүй байдал хүндэрсээр байна.
Дэлхийн хүнсний тайланд дурдснаар дэлхийн хүн амын өлсгөлөнд нэрвэгдэж буй хувь хэмжээ 2020 оноос асар хурдан нэмэгдэж, 2020-2021 онд 22%-иар өссөн. 2022 он гэхэд өлсгөлөн 2020 оныхоос 80%-иар нэмэгджээ. 2016-2021 онд 53 орны 94 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдсэн бол 2022 онд энэ тоо бараг 2 дахин нэмэгдэж 190 сая болсон. Энэ 53 орноос 39 нь эрсдэлийн зэрэг нэн өндөр бөгөөд шаардлагатай тусламж хэрэгтэй гэж тооцогдож байна. Өлсгөлөнд гол төлөв Африкийн бүс нутаг нэрвэгдэж буй бөгөөд хамгийн эрсдэл өндөртэй нь Этиопи улс юм. Дотоодын тогтворгүй байдал, цаг агаарын хэт халалт зэргээс үүдэн Йемен, Буркина Фасо, Нигер, Кени, Өмнөд Судан, Сомали зэрэг орны газар тариалангийн салбарт томоохон бэрхшээл тулгарах төлөвтэй байна. Африкийн эдгээр орон нь манай оронтой адил далайд гарцгүй, хөгжиж буй орнууд төдийгүй эдийн засгийн хувьд мөн 2022 онд томоохон шок амсаад байна. Олон улсын байгууллага өлсгөлөнд нэрвэгдэж буй шалтгааныг судлаад дараах хүчин зүйлсийг онцолжээ.
Хүн амын өсөлт
Уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт
Хүнсний чанар, аюулгүй байдлын алдагдал хэмээн үзсэн.
2022 оноос олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгараад буй дараагийн сорилт нь хүнсний хангамж, хүртээмж, чанарын асуудал бөгөөд 2023 оноос бүүр хурцдана гэж үзсэн. Учир нь ОХУ Украины дайны улмаас дэлхийн хүнс, эрчим хүч, бордооны нийлүүлэлт тасалдаж, хүнсний хямралыг өдөөгч гол хүчин зүйл болсоор байна. Украинд үүсээд буй хүнд нөхцөл байдлын үндэс дээр ойрын хугацаанд 3-5 сая гаруй хүн хүнсний хямралд өртөх төлөвтэй байна. Хүнсний хямралд өртөж буй зарим улс орон хүнсний бүтээгдэхүүн, түлш, хөдөө аж ахуйн орцын импортоос өндөр хамааралтай, дэлхийн хүнсний үнийн цочролд асар өртөмтгий байдгаас үүдэн Хар тэнгисийн бүс нутаг дахь дайн тэдэнд том сорилт учруулж байна.
Олон улсын хамтын нийгэмлэг өлсгөлөнг бууруулах яаралтай арга хэмжээ авахыг уриалж байгаа ч хүнсний хямралд үзүүлэх дэлхийн хүмүүнлэгийн болон хөгжлийн санхүүжилт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Хүмүүнлэгийн хүнсний тусламжийн санхүүжилт 2017 оноос хойш буурч байгаа ба цар тахлын эсрэг нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг нэн тэргүүнд тавьснаас үүдэн одоогийн хомсдол газар авахад бүүр ч ихээр нөлөөлсөн. 2021 онд цар тахлын хамгийн хүнд жил байсан бөгөөд залгуулаад 2022 онд ОХУ Украины дайн дэгдсэн нь хүнсний хямралд ихээхэн нөлөө үзүүлэв.
ОХУ Украины дайны дэлхийн хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй нөлөө
ОХУ, Украин хоёр улс дэлхийн хөдөө аж ахуйн түүхий эдийн хамгийн чухал үйлдвэрлэгч орнууд юм. Хямралаас өмнө хоёр улс дэлхийн улаан буудайн экспортын 30, эрдэнэ шишийн 20 хувийг нийлүүлдэг байсан. Тэд мөн наранцэцгийн үрийн бүтээгдэхүүний дэлхийн экспортын 80 орчим хувийг бүрдүүлдэг. ОХУ азот, кали, фосфорын бордооны экспортоор дэлхийд тэргүүлдэг. 2020 оны сүүлчээс эрчим хүчний үнэ нэмэгдсэн, мөн цар тахлын улмаас тээврийн зардал нэмэгдэж дээрх бүтээгдэхүүний үнэ өсч байна. ОХУ Украины дайны улмаас хөдөө аж ахуйн экспорт тасалдаж буй нь дэлхийн хүнс, бордооны зах зээлд эрэлт нийлүүлэлт доголдон үнэ өсөж байна.
Хүнсний хомсдолтой улсуудын ихэнх нь дайнаас өмнө олон улсын зах зээл дэх хүнс, бордооны үнийн өсөлтөд өртөөд байсан. ОХУ Украины дайн сунжирч, мөн санхүүжилт болон тээврийн бэрхшээлээс үүдэн борлуулалт хүндэрч болзошгүй тул Оросын экспортын хэтийн төлөв тодорхойгүй байна. Экспортын ийм хомсдол нь дэлхийд нэгэнт өндөр байсан хүнсний түүхий эдийн үнийг улам өсгөх магадлалтай. Хоёр улсын үр тариа, наранцэцгийн үрийн экспорт огцом буурснаас үүдэлтэй нөлөөллийг НҮБ-ын ХХААБ-аас олон улсын хамтын нийгэмлэгт ахин дахин анхааруулсаар байна.
2023 онд үр тариа, тосны ургамлын экспортын хомсдол 24 сая тонн, түүхий нефтийн үнэ 100 ам.доллар/баррель байхаар тооцвол дэлхийн зах зээл дээрх улаан буудайн үнэ 8.7 хувиар өснө гэх таамаг гарсан. Дэлхийн үр тариа, тосны ургамлын зах зээл илүү хүнд цохилт амсвал улаан буудайн олон улсын үнэ аль хэдийн өндөр байсан суурь түвшинтэй харьцуулахад 21.5 хувиар өснө гэж тооцоолжээ. Украины дотоод тээврийн дэд бүтэц, далайн боомт, хадгалах, боловсруулах дэд бүтцийн эвдрэл сүйрэл, экспортын хомсдлоос үүдэлтэй бусад үр тариа, тосны ургамлын үнэ ч өсөх юм. Гол байгууламжид гэмтэл учирсан тохиолдолд ачааг хөлөг онгоцны оронд төмөр замаар зөөвөрлөх, эсвэл орчин үеийн тосны ургамал бутлах үйлдвэрээс жижиг боловсруулах үйлдвэрт шилжих зэрэг хязгаарлагдмал хувилбарууд зах зээлд нөлөөлөх сөрөг нөлөөг саармагжуулах юм.
НҮБ-ын ХХААБ-ын тооцооллын дагуу 2022 онд дэлхийд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүний тоо 7.6 сая, 2023-2024 онд 13.1 сая хүнээр нэмэгдэх эрсдэл байна.
ОХУ Украины дайн дэлхийн хүнсний хангамжид шууд нөлөөлөхөөс гадна хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаанд нөлөөлөх хэд хэдэн нэмэлт эрсдэлийг бий болгосон. Эрчим хүчний үнийн өсөлт ялангуяа аж үйлдвэржсэн бүс нутагт хөдөө аж ахуй эрчим хүчний үнийн огцом өсөлт бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх нь дамжиггүй. Мөргөлдөөний улмаас бордоо болон бусад эрчим хүч их шаарддаг бүтээгдэхүүний үнэ өсөхөд орцын нийт үнэ мэдэгдэхүйц өсөх төлөвтэй. Эдгээр орцын үнэ өндөр байх нь эхлээд үйлдвэрлэлийн зардал, улмаар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлнө. Энэ нь мөн орц ашиглалтын түвшинг бууруулж, дэлхийн газар тариалангийн үйлдвэрлэлийг бууруулж, улмаар ирэх жилүүдэд дэлхийн хүнсний аюулгүй байдалд эрсдэлийг бий болгож болзошгүй юм.
ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь мөн валютын ханшид нөлөөлнө, өрийн түвшин болон эдийн засгийн ерөнхий өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. ОУВС-ийн тайланд дурдсанаар дайны улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт 2023 онд 3.6 хувьтай гарах төлөвтэй байна. ОУВС Украины ДНБ 45-55 хувиар огцом буурч, ОХУ-д мөн адил ДНБ их хэмжээний агшилт үүснэ гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлж болзошгүй юм. Дэлхийн хэд хэдэн хэсэгт ДНБ-ий өсөлт буурах нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн эрэлтэд нөлөөлнө. Цаашилбал, ам.долларын ханшийн тогтвортой өсөлт, ялангуяа АНУ-ын бодлогын хүүгийн түвшин 8% байгаа нөхцөлд хөгжиж буй бүс нутгуудад эдийн засгийн томоохон үр дагавар авчирч, өрийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй юм.
Уур амьсгалын өөрчлөлт ба хүнсний хямрал
Дэлхийн хүнсний хямралд эдийн засгийн хүчин зүйлээс гадна уур амьсгалын, хүрээлэн буй орчин сүүлийн жилүүдэд ихээр нөлөөлөх болсон. 2000 он гарснаар олон улсын байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал ихээр нэмэгдэж буй талаар олон судалгаа хийсэн. Хүрээлэн буй орчны өөрчлөлт нь дан халалт, цөлжилт зэргээр хязгаарлагдаагүй бөгөөд үүнээс үүдэн гарсан хүнсний хямралын томоохон хүчин зүйл болж байна.
2021 оны 4-9 дүгээр сард ган гачгийн нөлөөгөөр Мадагаскар тэргүүтэй Африкийн 8 оронд цаг агаарын эрс тэс байдлаас үүдэн тариалангийн талбай сүйрэлд өртөж, 14000 орчим хүн хүнсний томоохон асуудалтай тулгарсан. Хүнсний хямралд хүчтэй өртөөд буй 53 улсын 39-д нь цаг агаарын эрс тэс уур амьсгал нь хүнсний аюулгүй байдлын анхдагч, хоёрдогч, гуравдагч хүчин зүйл болж буй.
Цаг агаарын цочрол нэмэгдэж байгаа нь хүнсний аюулгүй байдлыг улам дордуулж, 2022 онд Зүүн, Төв болон Өмнөд Африк, Евразид цаг агаарын онцгой сөрөг нөлөө үзүүлсэн. Хэдийгээр 2020-2021 онд Африкийн зарим бус нутагт цаг агаарын эрс тэс уур амьсгалтай орнуудын тоо 15-аас 8 болж буурсан ч өөр бүс нутгуудад эсэргээрээ уур амьсгалын тогтворгүй байдал 50 хувиар өссөн байна.
Өмнөд болон Төв Африкт Мадагаскарын Гранд Суд болон баруун өмнөд Анголд сүүлийн 40 жилд байгаагүй ган гачиг тохиож, газар тариалангийн үйлдвэрлэл таван жилийн дунджаас 50-80 хувиар доогуур байна. Малавигийн өмнөд хэсэг, Мозамбикийн хойд хэсэг, Намиби, Танзани улсад мөн орон нутгийн хуурайшилт өндөр гарчээ. Зарим улирал халуун орны шуурга, аадар бороо, үерийн улмаас Мозамбик, Эсватини, Малави зэрэг улсад газар тариалангийн талбайг сүйтгэжээ.
Зүүн Африкт Этиоп, зүүн Кени, өмнөд Сомали, Уганда зэрэг орнууд дунд болон хүнд ган гачигтай тулгарсан нь хүнсний үйлдвэрлэлийг хязгаарлаж, үнийг өсгөж, хөдөө аж ахуйн хөдөлмөр, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олох орлогыг бууруулсан.
Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад 2020 оны сүүлээр болсон Эта, Иота хар салхины улмаас учирсан хохирол нь Гватемал, Гондурас, Никарагуад 2022 онд хүнсний нөөцийг тарамдуулсан. Гаитид хур тунадас тогтворгүй орсны улмаас дунджаас доогуур ургац авсан байна. 8 дугаар сарын дундуур Гаитигийн халуун орны шуурга газар тариалан, үйлдвэрлэлийн дэд бүтцийг сүйрүүлсэн. Евразид цаг агаарын цочрол дор хаяж таван оронд томоохон нөлөө үзүүлсэн.
Афганистанд сүүлийн дөрвөн жилд хоёр дахь удаагаа ган гачиг болж, нийт нутгийн 80 хувьд ган болж, ургац багассан. Ган гачиг, усалгааны усны хүрэлцээ муудсан нь Сири улсад их хэмжээний ургац алдахад хүргэсэн. Пакистанд Белужистан, Синд мужид ган гачиг, Хайбер Пахтунхвад бороо хур хангалтгүй байгаа нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг бууруулж, хүнсний үнэ өсөхөд нөлөөлсөн. Бангладешийн Кокс-Базар дахь дүрвэгсдийн хуаранд хөрсний элэгдэл, хөрсний гулгалт, үер, салхи, шуурганы улмаас борооны улирлын үеэр хүнсний агуулахууд бүхэлдээ сүйдсэн.
Дээрх Африк, Латин Америк, Евразийн орнуудад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарсан үер, ус, хөрсний хэт халалт, уур амьсгалын огцом өөрчлөлт зэрэг нь хүнсний аюулгүй байдал, хүнсний хомсдол зэргийг өдөөгч томоохон хүчин зүйл байв. Эдгээр орон ихэвчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнууд байна.
Хүнсний хямрал ба Монгол Улс
Манай орны хувьд хүнсний хямрал, хүнсний хомсдолд өртөх эрсдэл одоогоор байхгүй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Хүнсний аюулгүй байдал гэх хэсэгт эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, шаардлагатай нөөцтэй байх, мал аж ахуйн эрүүл ахуйг хангах, хамгаалах талаар дурдсан байдаг. Манай улс БНХАУ-аас гадаад худалдааны 60 гаруй хувийн хамааралтай. Хил, гааль хаалтай байсан нь манай орны хөдөө аж ахуй, газар тариалангийн түүхий эд, багаж, тоног төхөөрөмжийн импортод сөргөөр нөлөөлсөн. Үйлдвэр эрхлэгчид бараа, түүхий эдээ татан авах боломж хомсдож, борлуулагчид барааны хомсдолд орсон, газар тариалан эрхлэгчид бордооны нийлүүлэлт тасарсан, БНХАУ-аар дамжин ирдэг гуравдагч орнуудтай хийж байсан худалдаа тасарч эхэлсэн.
Манай орны эдийн засгийн өсөлт бага, инфляц өндөр хүчин зүйлээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдал хэтдээ ХАА-д хүнд тусахаар байна.
2016 оноос Монгол Улсын газар нутгийн нийт цөлжилтийн хэмжээ 66%-аас 77% болтол нэмэгдсэн. 2011 онд л гэхэд улсын хэмжээнд хийгдсэн усны тооллогын дүнгээр 6646 гол горхи тоологдсоны 551 нь, 3613 нуур тоологдсоны 483 нь 2020 оны байдлаар ширгэсэн байжээ. Мөн БОАЖЯ уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаанд дэлхийн дундаж температур 0.7 хэмээр нэмэгдэхэд Монгол 2 хэмээр нэмэгддэг талаар бичсэн байна. Дэлхийн дундаж температур 2050 оноос 1.5-2 хэмээр нэмэгдэхэд Монгол 4 хэмээр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
Ингэснээр манай улс зундаа +40-50 хэм хүртэл халах аюул тулгарч байна. Энэ тохиолдолд газар тариалан зогсож, бэлчээр талхлагдснаар мал аж ахуйгаа хүртэл бүхлээр нь алдах аюул тулгарч байна. Өнөөдөр Африкийн улс орнуудад тулгараад буй хүнсний хямрал манай оронд ч яваандаа тулгарах аюул ажиглагдаж байна.
Дүгнэлт
Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий дахинд тогтворгүй байдал, хямрал, мөргөлдөөн газар авч байгаа нь тогтвортой хөгжлийн зорилтод улам бүр чөдөр тушаа болсоор байна. 2016 оны “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-т дэлхийн дундаж температурыг +2 хэмд барина гэсэн зорилт үндсэндээ мөрөөдөл болж эхэлж байна. 2022 онд дэлхийн гадарга дээр хүчтэй халалт үүсч, 2023 оны 1 дүгээр сард Баруун Европт урьд хожид болж байгаагүй дулаан өвөл болж зарим улсад +10-25 хэм хүрсэн байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд өртөөд байна.
Дэлхийн хүнсний тайланд дурдснаар олон улсын хэмжээнд сүүлийн 10 жилд нэн ялангуяа Саб Сахарын Африк, Азийн зарим оронд хэт халалт болж газар тариалан эрхлэх боломж хосдов. Далайд гарцтай зарим оронд уур амьсгалын цочмог өөрчлөлтөөс үүдэн үер, усны аюул болж хүнсний нөөц, дэд бүтэц ихээр сүйдсэн нь хүнсний хямрал болох үндэс болж байна. Мөн ОХУ, Украин нь дэлхийн хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн хамгийн том экспортлогч болохын хувьд хөдөө аж ахуйн үр тариа, наранцэцгийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх томоохон эрсдэл болсон. ОХУ болон Украины хүнсний бүтээгдэхүүний экспортлох тухай гэрээнд БНТурк улс нэгдэж Хар тэнгисийн худалдааг хэвийн болгох гэрээ байгуулсан байгаа.
Монгол Улсын хувьд уур амьсгалд асар мэдрэг байдаг. Монгол газар нутгийн 1 хувьд газар тариалан эрхэлдэг дээрээс нь цаг уур эрс тэс, цөлжилт өндөр байгаа нь газар тариалангийн боломжийг хумьж байна. Нөгөө талаар бэлчээр талхлагдаж мал аж ахуй эрхлэхэд жилээс жилд хүндрэл үүсэхээр байна. Харин цөлжилттэй тэмцэх хамгийн шалгарсан арга бол мод тарих явдал бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, “хүнсний хувьсгал” зэрэг бодлого нь ирээдүйд манай улсад тулгарах хүнсний хямралтай тэмцэхэд нөлөө үзүүлнэ гэж харагдаж байна.