Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахимд шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршихаар болжээ. Хэрэв туршилт амжилттай болбол нэг сарын дараагаас хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.
ЭМЯ-ны зүгээс E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дуусжээ.
Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон яамдын газар хэлтсийн дарга нар, хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн өчигдөр уулзалт хийсэн байна.
"13А маягт эмнэлэгт хэвтэх бичиг биш, эрүүл мэндийн байгууллагын хооронд өвчтөн илгээх бичиг. Уг асуудлаар гараад байгаа зөрчлийн тухайд, зарим хувийн эмнэлэг иргэнийг эхлээд хэвтүүлчхээд дараа нь 13А маягт авчрахыг шаарддаг. Энэ нь иргэд, эрүүл мэндийн анхан шатны байгууллага хоёрын хооронд үйл ойлголцох асуудал үүсгээд байгаа.
Анхан шатны эрүүл мэндийн байгууллага 13А маягтыг бичиж, илгээгээд иргэд ЭМДЕГ-тай гэрээтэй дуртай эмнэлгээрээ үйлчлүүлэх боломжтой юм.
2021 онд 13А маягтыг бүрэн цахимжуулах сервисийг бэлэн болгосон. Төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн платформоор явах учраас хүлээгдэж байгаа"-г Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын/ЭМДЕГ/ дарга Л.Бямбасүрэн хэлж байсан юм.