Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 2 секунд

Мета компанид Х.Нямбаатар биш монголчууд төртэйгөө цуг доромжлуулсан гэдгийг бүгдээрээ ойлгоё



Монголд юу гэмээр юм дээ, асуудлыг биш хүнийг нь чиглэдэг хийрхэл их. Тэрнээс ч болсон уу “Х.Нямбаатар гомдол гаргах гэж байгаа гэнэ. Мета компанийн нэг захирлыг том захиралд нь ховлож халуулна гэнэ ээ. Монгол шигээ бодох юм”, “Очоод фэйсбүүк компанийг нэг сайн шалгачих л даа. Тэгвэл баавартай юм биш үү” ёооё элэг минь, чи минь гэсэн доог тохуу өчигдөр нэлээд явлаа. Энэ бол бид улс орноо хэр зэрэгтэй үнэлж, хайрладгийн жирийн жишээ юм даа. Хүннү гүрэн, Чингис хаан, Их Монгол Улс, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын тухай сүрт үгсийг Улсын наадмын нээлтэн дээрээ цуурайтуулж омогшоод бусад үед нь эх орноо даржин ядуу, улстөрчдөө хулгайчид, онигооны баатрууд, хийсэн ажил нь нохойн баас гэж үздэгийн илрэл. Үнээн, манайд хулгайч, луйварчин, онигооны баатар өчнөөн бий. Хийсэн ажил нь “нүд, хуруу” гэдгийн үлгэр шиг юм ч их. Гэхдээ байна аа, хэрэлдэж талцдаггүй эрх ашиг гэж бас байдаг. Тэр бол үндэсний эрх ашиг юм.

Тэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өчигдөр хийсэн мэдээллийг үзэж байхад хэцүү юм нэлээд ярьж байна лээ. Жишээ нь, “Мета компанийн төв Ази хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдөл өгнө. Шалтгаан нь хувь хүнд биш. Туурга тусгаар улсын төрийг олон нийтийн сүлжээгээр илтэд гүтгэх нь байж болшгүй зүйл. Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод асуудалд оролцох эрхгүй. Тодруулбал, Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан. АНУ-ын зүгээс Монгол Улсыг хоригт оруулах шахалт үзүүлнэ гэх зэргээр дарамталсан. Тиймээс Жорж Ченийг ажлаас нь халж, мөн надаас уучлалт гуйх шаардлага тавина” гэсэн байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль батлагдсаны дараа түүнээс хэдэн сарын өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай уулзсан уулзалтынхаа мэдээлэл дор Жорж Чен хэмээх захирал “Энэ үнэн биш. Бид хуулийн төслийг батлагдахаас нь өмнө хараагүй” гэж бичсэн байгаа юм. Нэгдүгээрт, тэр уулзалт нь хуулийн төслийн талаар байгаагүй гэдэг нь хурлын тэмдэглэлд нь тодорхой байна. Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд, тэр тусмаа олон нийтийн сүлжээг ашиглаж насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн дарамтад оруулдаг, гадуурхдаг асуудлыг хамтдаа яаж зохицуулах вэ гэж зөвлөлдөж, ажлын хэсэг гаргаад цаашаа ажиллаад явах уу даа гэсэн уулзалт юм билээ. Хоёрдугаарт, Монголын төр хууль батлахдаа нэг 100 хувь гадаадын өмчит компаниас асуух болж байна уу. Тэгж ярих юм бол хөгжсөн, хүний эрхийг дээдэлдэг хэмээн бидний хүрэх зорилго, үлгэр жишээгээ болгосон Япон, Солонгос, Герман, Америк зэрэг оронд олон нийтийн сүлжээнд орсон зарим мэдээллийг бүрмөсөн хаах, шүүлтүүртэй нэвтрүүлэх аргыг хэрэглээд удаж байгаа. Тэд тухайлбал, фэйсбүүкийн захирлаас ийм хууль хийхдээ асуух уу.

Харин сайд Х.Нямбаатарын тэр “Төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан, АНУ-аас шахалт үзүүлнэ гэж дарамталсан” гэдэг үг тун эвгүй шүү. Эндээс бүр ч муухай зүйл үнэртэж болно. Тэр захирал нь яагаад Монгол Улсын Их Хурал баталсан хуульд тэгтлээ эгдүүцэж, гүтгэлэг тараах хүртлээ уурсаж, шатсан нь сонин байна. Энэ фэйсбүүк компани чинь арай аль нэг улсын эрх ашиг, нөлөөллийн төлөө зүтгэдэг юм биш биз гэсэн хардлага төрөхгүй байна гэж үү. Орчин цагт мэдээллийн дайн, цахим аюулгүй байдал гэдэг бол Үндэсний аюулгүй байдлын нэг дугаарын асуудал болчихсон. Бүр Мета компанийн өлгий америкчууд өөрсдөө Ерөнхийлөгчийнх нь сонгуульд Орос нөлөөлсөн гэж харддаг. Юугаар халддаг юм бэ гэхээр сошиалаар, тэр дундаа тролл армиар үүнийг гүйцэтгэдэг. Тэр өнцөгөөрөө бол Н.Учралын хэлээд байсанд ч учир байна шүү. Хуулийг засаж болно, харин сошиал орчныг орчныг хазаарладаггүй юм гэхэд ядаж харж байхгүй бол цаашдаа мөн ч их юм дуулдана даа. Одоо бид мартчихаад байгаа болохоос 2019 оны арваннэгдүгээр сард 800 хятад иргэнийг албадан гаргаж байлаа. Цахим луйвар хийсэн гэдэг нэртэй. Цаагуураа юуны ч бүлгэм байсан юм, хэн мэдэх вэ. Одоо энэ Орос, Украины туг далбаагаар хуваагдаад хараал, ерөөл тавиад байгаа нөхдийн цаагуур юу гүйдгийг хэн мэдэх юм бэ. Үүнийг ажиглаж, үймээн самуунд уриалаад үр дүнд хүрэх гээд байвал нэг торгоох, наанадаж ажиглаж байх механизм манай улсад хэрэгтэй.

Хадуураад хаячихсан сэдэв рүүгээ эргээд ороход Х.Нямбаатар гэдэг хувь хүн нь муу, улстөрчийн хувьд олиггүй амьтан байж болно. Гэхдээ энэ хүн одоогоор Монголын төрийн сайд. Тийм болохоор манай улсын дотоод хэрэгт санаатайгаар хутгалдах гэсэн гадаадын компанид хариуг нь өгөхөөр шийджээ. Үүнийг нь бид нийтээрээ дэмжиж чаддаггүй юм гэхэд дуугүй өнгөрөөх хэрэгтэй байна. Бид эндээ нэг нэгнээ үзэн яддаг, харж ч чаддаггүй байж болно. Харин ийм ноцтой сэдэв дээр давлагаалаад гадаад орчинд очтол нь, өнөө хэд нь харж өөрсдийнхөө хүчинд эрдтэл нь хашгиралдаад байж бол болохгүй. Явж явж бид чинь Монгол Улс гэсэн нэг л малгай, нэг л бахархалтай биз дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ВАШИНГТОН ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА
ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ВАШИНГТОН ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.