Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 9 секунд

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгаруулалт төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлнэ


Мэдээ 2023-02-06

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилго тавьсны хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн бүтцийг шинэчилж, нийт 71 албан тушаал дахь 88 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дууслаа.
Бүртгэл нэгдүгээр сарын 02-16-нд үргэлжилсэн бөгөөд давхардсан тоогоор 3,544 анкет ирүүлж, 2,955 хүн бүртгүүлсэн. Сорилын шалгалтад 2,084 бүртгүүлэгч оролцох урилга хүлээн авч, 1,215 хүн оролцсон байна. Тус шалгалтын агуулгыг Төрийн албаны зөвлөл, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв, их, дээд сургуулийн багш, эрдэмтдийн төлөөлөл бүрдсэн дэд ажлын хэсэг боловсруулжээ.
Ярилцлагын үе шатыг Монголын Үндэсний Худалдааны Аж үйлдвэрийн танхим удирдаж, хувийн хэвшил, төр, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл бүхий 30 ярилцагч оролцсон байна. Нэг ажлын байрт сорилын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав орчим буюу нийт 434 хүнийг ярилцлагад урьж, хамгийн өндөр оноо авсан горилогчдыг “Эрдэнэс Монгол” ХХК-д хүлээлгэн өгчээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт шинээр томилогдож буй газрын ахлах менежер, менежерүүдийг танилцууллаа. Шалгарсан оролцогчдын зүгээс сонгон шалгаруулалтыг нээлттэй бөгөөд шударга зохион байгуулж чадсан гэдгийг онцлов.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ил тод ажиллах, хүнд суртлыг арилгах зорилгын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг олон талт оролцоотойгоор хийж чадсан нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлж чадсан”-ыг тодотголоо.
Ярилцлагын үе шатыг зохион байгуулсан төлөөллөөс МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй, төлөөлөл бүрийн оролцоотойгоор явуулсан нь хязгаарлагдмал, ил тод бус байдаг гэдэг шүүмжлэлийг үгүйсгэж, жишиг болохуйц үйл явдал болсон” гэж илэрхийллээ.
Тиймээс төрийн өмчит компаниудын хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг ийм жишгээр хийхээр төлөвлөж байна. Ингэснээр чадварлаг, мэргэжлийн баг бүрдэж, төрийн өмчит компаниудын засаглал сайжирч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, авлига, ашиг сонирхлоос ангид байх боломж бүрдэж байна.

Ц.ДАВААСҮРЭН: ГАЗАР ОЛГОЛТЫГ ЭМХ ЗАМБАРААГҮЙ ХИЙЖ БАЙГАА АСУУДЛЫГ ЦЭГЦЭЛНЭ
Ц.ДАВААСҮРЭН: ГАЗАР ОЛГОЛТЫГ ЭМХ ЗАМБАРААГҮЙ ХИЙЖ БАЙГАА АСУУДЛЫГ ЦЭГЦЭЛНЭ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.