УИХ дахь намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн боловсруулсан Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт намын бүлэг, Засгийн газрын хурлаар хэлэлцээд дэмжсэн.
Үндсэн хуульд зааснаар бид зургаадугаар сарын 20-ноос өмнө хуулиа батлах ёстой. Ирэх лхагва гаригт хуралдах Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд бусад гэсэн тодотголтой нэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хууль байх магадлалтай. Тус хуулийг Ардчилсан намынхан өргөн барьж магадгүй гэх мэдээлэл бий. Сонгуулийн хуульд дараах таван өөрчлөлтийг хийгээд буй.
Сонгуулийн хуультай холбоотой дараах таван өөрчлөлтийг хийж байгаа.
Нэгдүгээрт, холимог тогтолцоотой байхаар өргөн барихаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь мажоритар, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хувилбараар өргөн барьж байна. Сонгогч хүнийг, намыг аль алиныг нь харж сонгох боломжийг бий болгоно.Намын жагсаалтаар янз бүрийн хүмүүс орж ирдэг гэдэг шүүмжлэл байдаг учраас нэрсийн жагсаалтыг харуулж, сонголт хийх боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарсан. Түүнчлэн, сонгогч намыг дэмжихгүй, нэр дэвшигчийг дэмжих сонголтыг нээлттэй орхиж байгаа.
Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой өөрчлөлтүүдийг хийнэ. Тухайлбал, нэр дэвшигчид болон намуудын зурагт самбар, ухуулагчийн тоог багасгахаар тусгасан байна.
Гуравдугаарт, гадаадад байгаа сонгогчдын саналыг авахаар ажиллана.
Дөрөвдүгээрт,улстөрийн намын босгыг гурван хувь байхаар санал тусгасан.
Тавдугаарт, нэр дэвшигчдийн доторх хүйсийн тэнцвэр 30 хувиас доошгүй байна" гэлээ.