50 настай экстрем спортын тамирчин Испанийн Гранада хотоос холгүй орших 70 метр гүн агуйд гадаад ертөнцөөс таслагдан 500 хоногийг өнгөрөөсний дараа Баасан гарагт гарч ирсэн байна.
Беатриз Фламини эрдэмтдийн хяналтын дор хүний сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, бие махбодын өөрчлөлтийг судлахын зэрэгцээ агуйд хамгийн удаан амьдарсан хүний дэлхийн дээд амжилтыг тогтоох зорилготой байжээ.
Тэрбээр агуйд орохдоо 48 настай байсан бөгөөд тэнд төрсөн өдрөө хоёр удаа тэмдэглэсэн юм.
Беатриз 2021 оны арваннэгдүгээр сарын 20-нд агуйн амьдралаа эхлүүлж байжээ.
Түүний эзгүйд Украины дайн дэгдэж, Испани улс цар тахлын хориг арга хэмжээнүүдээ цуцалж, Их Британийн хатан хаан Элизабет таалал төгссөн юм.
Өчигдөр Беатриз агуйгаас гарч ирснийхээ дараа “Хүмүүс намайг гаргахаар ирэхэд би унтаж байлаа. Тэднийг хараад гадаа ямар нэг зүйл болжээ гэж бодсон. Тэгээд би “Гарах цаг болчихсон юм уу? Би номоо ч дуусгаагүй байна шүү дээ” гэж хэлсэн” хэмээн ярьжээ.
Тэрбээр хэзээ ч хугацаанаасаа өмнө гарах тухай бодож байгаагүй, харин ч гадагшаа гарах хүсэлгүй байснаа энэ үеэр хэлсэн юм.
Газар дор байхдаа Беатриз дасгал хийж, зураг зурж, ноосон малгай нэхэж цагийг өнгөрөөдөг байжээ. Тэрбээр агуйн амьдралаа хоёр ширхэг GoPro камераар баримтжуулсан байна.
Мөн 60 ном уншиж, 1,000 литр ус хэрэглэсэн байна.
Агуй нь ялаагаар дүүрэх зэрэг зарим бэрхшээлүүд тохиолдож байжээ.
Туслах багийнхан түүнд авокадо, шинэ өндөг, цэвэр хувцас зэргийг олсоор дамжуулан өгч, буцаагаад хог хаягдлыг нь татаж авдаг байсан гэнэ.
Беатриз гадаа ертөнцөд ямар ч асуудал гарсан, тухайлбал гэр бүлийнхэн нь нас барсан ч гаргахгүй байхаар багийнхантайгаа тохиролцжээ.
Хэсэг судлаачид, сэтгэл зүйчид, эмч нар түүнийг байнга хянаж байсан гэнэ.
Тухайлбал Гранада, Алмериагийн их сургууль, Мадридын нэгэн эмнэлгийн мэргэжилтнүүд ямар ч чиг баримжаагүй тусгаарлагдсан харанхуй орчинд хүмүүсийн цаг хугацааны мэдрэмж, амьдралын мөчлөг, сэтгэл зүй, нойр яаж өөрчлөгдөж буйг судалжээ.
Беатриз агуйгаас гарсныхаа дараа хамгийн түрүүнд шүршүүрт орж, дараа нь найзуудтайгаа шарсан өндөр, чипс идэж суух хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.
2010 онд Чилийн алт, зэсийн уурхайд гарсан нуралтын үеэр 33 уурхайчин 69 хоногийн турш 688 метрийн гүнд амьдарсныг Гиннесийн Дэлхийн дээд амжилтын ном “газар дор хүн хамгийн удаан амьдарсан тохиолдол” гэж бүртгэсэн байдаг гэнэ.
Эх сурвалж: Reuters