УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.17/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сонсож, хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, Ж.Батжаргал, Э.Бат-Амгалан, Ажлын албаны дарга Т.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хууль, тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинэчлэхээр боловсруулсан байна. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд анх удаагаа шинэчилсэн найруулгаар орж ирж байгаа томоохон хуулийн төсөл юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг хангах чиг үүргийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг санаачилсан. Ингэхдээ сүүлийн хоёр жил гаруй хугацаанд парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намуудтай хуулийн төсөлд хамтарч ажилласан. Хуулийн төслийг дараах онцлогуудтай гэж үзэж байна.
Нэгдүгээрт, Улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлэх талаар томоохон өөрчлөлтийг оруулж байна. Төрийн үйл хэрэгт оролцож байгаа учраас улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, УИХ-ын сонгуульд хоёр дараалан оролцоогүй тохиолдолд идэвхгүй байдалд шилжүүлэх, улмаар хариуцлага тооцож, тараах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай талаар хуулийн төсөлд тусгасан.
Хоёрдугаарт, Улс төрийн намууд нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстойг онцолсон.
Гуравдугаарт, Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох, тайлангаа гаргаж, аудитын байгууллагаар дүгнүүлдэг тогтолцоог бий болгох талаар хуульд тусгасан.
Дөрөвдүгээрт, Улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг Сонгуулийн Ерөнхий хороонд хариуцуулж байна. Эдгээр үндсэн дөрвөн чиг үүргийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг боловсруулсан байна. Хуулийн төслийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд, дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Улс төрийн намын тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Мөн УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд ажлын хэсэг байгуулж, хуулийн төслийг боловсруулснаар хаврын чуулганаар хэлэлцэж дуусах төлөвтэй байна” гэлээ.