Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн тул түүний орны томилгоог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Жамбалдоржийн Таныг томилсон байна.
Ж.Тана нь 2007 онд АНУ-ын "Васачи Академи"-ийг төгссөн. 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй анхны Монгол оюутан юм. Мөн тэрээр 2012-2013 онд Куинсландын их сургуульд Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр, 2016 онд Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгээр Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
Ажлын түүх:
2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь компанид Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч
2012-2013. Онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч
2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацаандаа хамгийн үр дүнтэй гэж үздэг төсөл нь уурхайн төслийн талбай дахь нийт ажилчдын ажлын хуваарийг 28 хоног ажиллаж 14 хоног амардаг байсныг 14/7 болгох төслийг зоригтой санаачлан хэрэгжүүлсэн. Энэ нь тэнд ажиллаж байсан олон зуун залуус болоод тэдний үр хүүхэд, хань ижил, гэр бүлээс үнэлж баршгүй том талархал хүлээсэн.
Түүнчлэн Ж.Тана нь 2011 оноос "Монголын залуу оюутан хөтөлбөр" буюу Mongolian Young Scholars Program-ийг анх санаачлан үүсгэн байгуулж жил бүр Монголын 30 шилдэг ахлах ангийн сурагчдыг шалгаруулан гадаадын шилдэг их дээд сургуулиудад хэрхэн шалгарч элсэн орох талаар үнэ төлбөргүй сургалтад хамруулан сургадаг бөгөөд үүний үр дүнд эдгээр сурагчдаас Харвард, Станфорд гэх мэтийн дэлхийн олон шилдэг сургуулиудад нилээд олон Монгол залуус элсэн суралцаж байна. Монголын ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг АНУ болон гадаадын шилдэг их, дээд сургуулиудад суралцах боломжийг нээх, Монгол залуусаа хэрхэн дэлхийн хэмжээний өндөр боловсролыг эзэмшүүлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөр нь өдгөө Зориг сантай хамтран амжилттай хэрэгжиж байна. Мөн тэрээр Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы " Глобал Шэйпэрс" нийгэмлэгийн Улаанбаатар болон Оксфорд дахь гишүүн юм.