Эдийн Засаг, Хөгжлийн дэд сайд С.Наранцогт: Энэ оны аравдугаар сарын албан мэдээллээр Монгол Улсын гадаад валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн.
Валютын зах, арилжааны банк, Монголбанкны хоорондох ханшийн зөрүү 150-200 төгрөг хүрсэн, валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан тэр үеийг бодвол өнөөдөр ханшийн зөрүү 20-30 төгрөг, арилжааны банкнаас өдөрт олгодог валютын дүн нэг сая төгрөг байсан бол 10 сая төгрөг болсон зэргээр үр дүн сайжирч байна.
Төрийн өмчит компаниуд дээр хийгдэж буй тодорхой ажлууд хэрэгжүүлснээр өмнөх саруудад оруулж ирдэг байсан валютын дундаж урсгал сүүлийн сард нэмэгдлээ.
Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" өмнөх саруудад дунджаар 65 сая ам.доллар оруулдаг байсан бол өнгөрсөн сард 70.5 сая ам.долларт хүрсэн. "Эрдэнэт үйлдвэр" 81 сая ам.доллар оруулж байсан бол сүүлийн сард 104 сая ам.доллар оруулсан" гэлээ.
Мөн дэд сайд С.Наранцогтын хэлснээр манай улсын валютын нөөц нь 3.3 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байгаа аж. Хэдийгээр макро нөхцөл сайжирч байгаа ч нөөцөө хамгаалах, бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатайг тэрбээр мөн онцоллоо.