Хүүхдийн ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн төсөл боловсруулснаа Оросын эрх баригч намын удирдлага саяхан мэдээлжээ. Тодруулбал 14-өөс дээш насны хүүхдүүдийг албан ёсоор ажиллах хүчинд тооцохоор төлөвлөж байгааг Нэгдсэн Орос намын вэб сайтад гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Энэ нь Украины дайнд 300,000 орчим иргэнийг дайчилснаас хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол бий болсонтой холбоотой байж болзошгүйг Блүүмбэрг зэрэг эх сурвалжууд мэдээлжээ.
“Өсвөр насны 10 хүүхэд тутмын 9 нь 18 насанд хүрэхээсээ өмнө ажил эрхлэх хүсэлтэй байдаг ч хуулийн зохицуулалт байдаггүй нь саад болдог” гэсэн судалгааны дүгнэлтийг Төрийн Думын хүүхэд, залуучуудын бодлогын байнгын хорооны дарга Артём Метелев шинэ хуулийн төслийн талаар өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
“Бидэнд идэвхтэй залуу үе байна. Тэд өсөж, хөгжихийг хүсэж байна. Ажлын туршлагатай болохыг хүсэж байна. Гэвч одоо үүнийг хэрэгжүүлэх үр дүнтэй механизм алга. Тэд шалгалт өгөх, зөвшөөрөл авах зэрэг тоо томшгүй олон хүнд сурталтай тулгарч байгаа нь ажил олгогчдыг ч бас хүндрүүлж байна” гэж тэр ярьжээ.
Хуулийн төслийн дагуу 14-18 насны хүүхдүүдийг ажил хөдөлмөр эрхлэхэд эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн хамгааллын байгууллагын зөвшөөрөл хэрэггүй болох юм байна.
Бас хүүхэд ажиллуулах хүсэлтэй ажил олгогчдод тавигддаг шаардлагуудыг багасгахаар тусгажээ.
Төрийн Думын хүүхэд, залуучуудын бодлогын байнгын хорооны дэд дарга Михаил Киселёв хуулийн төслийг “өсвөр насныхны хүсэл сонирхол, орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд” үндэслэсэн болохыг тайлбарлаж байна.
Эх сурвалж: Business Insider