Өнгөрсөн мягмар гарагт УИХ дах МАН-ын бүлэг хуралдаж, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай хэлэлцсэн. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. УИХ дээр 2023 оны долоодугаар сарын 01-н хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байгаа. Үүнийг энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж байгаа төсөл дээр хагас жил хүртэл одоогийн байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр сунгаж байгаа" гэж мэдээлж байв.
Харин Сангийн сайд Б.Жавхлан зээлийн эргэн төлөлтийг ирэх 12 дугаар сарын 31-нээс дуусгавар болгоно гэж мэдээллээ.
Тэрээр "Ипотекийн зээл дээр Засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр "Ковид"-ийн хуулийн хугацаа дуусна. Энэ хуультай холбоотойгоор маш олон эдийн засгийн зохицуулалтууд дуусна. Тэдгээрийн нэг нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байсан горим. Тэгэхээр нэгдүгээр сарын 01-нээс хэвийн горимд ороод явна. Санхүүжилтэд өөрчлөлт орохгүй. Монголбанк оператор хийж удирдаж буй схем өөрчлөгдөнө. Засгийн газар өөрөө удирдана. Яваандаа Засгийн газар ч оролцохгүй. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан горим 12-р сарын 31-нээр дуусгавар болно. Ковидоос өмнө сард 25-30 тэрбум төгрөг эргэн төлөгддөг байсан. Одоо энэ тоо 5-10 тэрбум болтлоо буурсан. Дараагийн зээлдэгч нар эх үүсвэрийн хомсдолд орсон гэсэн үг" гэв.