Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 49 секунд

Польшийн нутагт пуужин унасан асуудлаар НАТО шуурхай хуралдаан зарлалаа

No photo description available.

Мягмар гарагт Польш улсын хил орчмын тосгон Пржеводовт хоёр пуужин унасны улмаас хоёр хүний амь үрэгдээд байна.

Пуужингууд ОХУ-д үйлдвэрлэсэн зэвсэг байсныг Польшийн тал мэдээлсэн юм.

Есөн сар орчим хугацаанд үргэлжилж буй Украины дайн НАТО-гийн гишүүн орны нутаг дэвсгэрт өргөжиж болзошгүй болсон нь дэлхий нийтийн санааг зовоож байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам пуужин харваснаа үгүйсгэж, үүнийг Украины талын зохион байгуулсан өдөөн хатгалга гэж мэдэгдсэн юм. Харин Украины эрх баригчид үүнийг няцааж, Оросын талаас пуужин харвасан гэж тайлбарлаж байна.

Энэ явдалтай холбоотойгоор НАТО өнөөдөр шуурхай хуралдаан зарлажээ. 1949 онд байгуулагдсан тус эвслийн гэрээний дагуу ийм тохиолдолд гэрээний Дөрөвдүгээр заалтыг хэрэгжүүлэх ёстой.

Дөрөвдүгээр заалтын дагуу НАТО-гийн гишүүн орнууд аль нэг гишүүнийх нь аюулгүй байдал хөндөгдсөн тохиолдолд улс төрийн шийдвэр гаргах дээд байгууллагадаа асуудал оруулж, хэлэлцүүлдэг.

Хэрвээ эндээс шийдвэр гарвал тавдугаар заалтыг хэрэгжүүлдэг юм. Энэ заалтад НАТО гишүүн орноо гаднын халдлагаас хамтын хүчээр хамгаалах тухай заасан байдаг ажээ.

НАТО байгуулагдсан цагаасаа хойш гэрээний Тавдугаар заалтаа долоон удаа л хэрэгжүүлж байсан гэнэ.

НАТО-гоос гадна Индонезын Бали аралд чуулж байгаа Их 20-ын бүлгийн гишүүн орнуудын удирдагчид өнөөдөр шуурхай хуралдаж эхэлсэн байна.

Чуулганд оролцож байгаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден пуужинг Оросын талаас харвасанд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Польш улсын нутаг Оросын талаас пуужин харвасан эсэх талаар сэтгүүлчид асуухад тэр “Урьдчилж авсан мэдээлэл үүнтэй зөрчилдөж байна. Би шалгалтын дүгнэлтийг эцэслэн гарах хүртэл энэ тухай яримааргүй байгаа ч пуужингийн нислэгийн траектор Оросын талаас биш байх магадлалтай байна. Гэхдээ ямар дүгнэлт гарахыг харцгаая“ гэсэн байна.

АНУ болон НАТО арга хэмжээ авахаасаа өмнө шалгаж баталгаажуулах ёстойг тэр энэ үеэр хэлсэн юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш пуужин Польшийн нутаг дэвсгэрт унасан тухай мэдээг хүлээж аваад “маш их” санаа зовж байгаагаа мэдэгджээ.

“Украины дайныг өргөжүүлэхээс зайлсхийх нь өнөөдөр маш чухал юм” гэж НҮБ-ын хэвлэлийн албаны дэд төлөөлөгч Фархан Хак мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Aljazeera

Б.Энхбаяр: Газрын асуудал дээр буруу шийдвэр гаргавал юунд хүрэхийг Украины жишээнээс харж байна
Б.Энхбаяр: Газрын асуудал дээр буруу шийдвэр гаргавал юунд хүрэхийг Украины жишээнээс харж байна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.