Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон тухай дуудлага 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12:05 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан хамтран малчин А /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлсөн байна. Харин мөн өдрийн 15:05 цагт Хилийн цэргийн 0130 дугаар ангийн жижүүр Булган сум дахь Онцгой байдлын хэлтэстэй холбогдож, тус ангийн заставын хилийн харуулууд тухайн иргэний цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээлжээ.