БХЯ-ны Гүрсэдийн Сайханбаяр: Энхийг сахиулагчид бол хөлсний цэрэг биш, Монгол төрийн цэрэг.
Миний бие 1985 оны намар анх цэргийн тангараг өргөж байлаа. Түүнээс хойш нэг өдөр ч энэ салбараас нүүр бууруулж өөр салбар луу явья гэсэн бодол төрж байсангүй. Мөн халагдаж чөлөөлөгдсөнгүй. Цэргийн хүний хүлээх үүрэг хариуцлага тушаал, шийдвэр бүрийг биелүүлж, шат дараалсан албан тушаалуудад ажиллаад, өнгөрсөн 2020 оноос улс төрийн албан тушаал буюу салбарын сайдын албанд томилогдсон.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай цэрэг дайчид дэлхийн энх тайвны үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хүлээлгэж буй Төрийн даалгавар. Гэхдээ хэн ч таныг хүчлээгүй та бүхэн өөрсдөө сайн дурын үндсэн дээр шийдвэр гаргаж, ажиллагааны газар орон руу явж байгаа гэдгээ санах хэрэгтэй.
Та бүхэн НҮБ-аас өгсөн үүргийн дагуу тухайн бүс нутгийн ард иргэдийг мөргөлдөөн үймээнээс хамгаалах, амьд явах эрх чөлөөг нь хангах зорилготой үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ бүхэн чинь дэлхийн энх тайвны төлөө оруулж буй цэрэг таны хувь нэмэр. Өчигдөр миний бие цэрэг хүний хувиар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд явах гэж буй алба хаагчидтай уулзаж, үүрэг чиглэл, зөвлөгөө өгснийг энд товч сийрүүлэн үлдээе гэж бодлоо.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай үе үеийн энхийг сахиулагч нар үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймдээ ч өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчилсан. Энэ бол Монгол цэрэг- Дэлхийн цэрэг болсон гэдгийн баталгаа юм.
Өнөөдөр дэлхий ертөнц маш том сорилын өмнө ирээд байна. Дэлхийн зарим тив, бүс нутгийн хэмжээнд цэрэг-улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, тогтворгүй байна. Дэлхийн хэмжээнд явагдаж буй нийт дайн, зэвсэгт мөргөлдөөний 80 орчим хувь нь Европ, Ази болон Африк тивд өрнөж байна. Ийм л газарт та бүхэн үүрэг гүйцэтгэхээр явж байна. Ер нь ажиллагааны оронд үүрэг гүйцэтгэнэ гэдэг бол Эрсдэлтэй. Энийг та бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй.
Мэдээж бидэнд ололттой талуудын хажуугаар дутагдалтай зүйлс байгааг ч нуух юун. Ажиллагаанд явж буй цэргийн алба хаагчдын сонгон шалгаруулалт дээр алдаа мадаг гардаг, танил тал хардаг, шударгаар өргөдлөө өгөөд, ээлжээ хүлээж буй алба хаагчдын өмнүүр орж, ажиллагаанд олон удаа явдаг зэрэг олон зүйл яригддаг. Ийм байдал удаан үргэлжилбэл шударгаар явж байгаа алба хаагчид зэвсэгт хүчиндээ итгэх итгэлгүй болно. Тиймээс иймэрхүү асуудлуудыг цаашид таслан зогсоож, цэгцэлнэ.
Та бүхэн бол Төрийн томилолтоор явж, үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагч нар. Та нар бол хөлсний цэрэг биш. Та бүхэн бол Монгол төрийн цэрэг. Монгол Улсынхаа төлөө амь насаа зориулна гэж тангараг өргөсөн алба хаагч нар. Манай цэргийн алба хаагч нар ажиллагааны оронд үүрэг гүйцэтгэхдээ энд авч байсан цалингаа 100 хувь авдаг. Тэр бол Монголын төрөөс та бүхэнд цэргийн албаа хааж байгаа, албан үүргээ гүйцэтгэж байгаад чинь өгч буй таны цалин. Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа та зөвхөн нөхөн төлбөр авч байгаа. Өөрөөр хэлбэл НҮБ-аас тогтоосон төлбөрийг л та авч байгаа гэсэн үг. Үүнийг буруугаар ойлгох явдал их байна. Би өмнөх ээлжүүдийн бие бүрэлдэхүүнд ч хэлсэн.
Монголын төр ямар муухай юм бэ. Энхийг сахиулагчдын цалингийнх нь 30 хувийг суутгаж авдаг, шуналтай төр гэсэн зүйл яригдаж байна. Энэ бол маш буруу ойлголт. Өнөөдөр ажиллагааны оронд томилогдож, үүрэг гүйцэтгэх гэж буй та бүхний сургалт бэлтгэлээс эхлээд тухайн бүс нутагт очих хүртэлх үйл ажиллагааг Монголын төр Батлан хамгаалах яам зохион байгуулдаг. Та бүхний сонгон шалгаруулалт, бэлтгэл сургалт, эмнэлэгийн үзлэг, шалгалт, хоол хүнс, бензин шатахуун, хувцас хангалт, сум, галт хэрэгсэл гээд олон хүний хүч хөдөлмөрөөс гадна их хэмжээний зардал гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль, Засгийн газрын тогтоолоор нөхөн төлбөрийн 30 хувийг сургалт, бэлтгэлийг хангахад, 70 хувийг нь цэргийн алба хаагчид олгох талаар заасан байдаг. Дэлхийн бусад орны жишгийн дагуу 2003 оноос хойш хэрэгжээд явж байгаа журмыг мушгин гуйвуулж байгаа нь харамсалтай. Энэ журмаа ч мэдэхгүй манай алба хаагчид ажиллагаанд явах гээд байдаг. Иймээс энэхүү журмаа сайн уншиж судлах хэрэгтэй. НҮБ-аас та нарт цалин олгодоггүй, та нар харин тэнд үүрэг гүйцэтгэснийхээ төлөө нөхөн төлбөр авч байгаа юм.
Дараагийн хэлэх зүйл бол та бүхэнд ажиллагааны оронд үүрэг гүйцэтгэж байх явцдаа өөрийгөө хөгжүүлэх маш олон боломж байна. Жишээлбэл: хэл сурах, бие бялдраа хөгжүүлэх, бясалгал хийх, компьютерын мэдлэгээ дээшлүүлэх зэрэг олон боломж байна. Цэргийн хүний хувьд боловсроод, өрхийн тэргүүн, айл гэрийн эзэгтэй хүний хувьд өөрийнхөө амьдралын мөн чанар, бодол сэтгэл, бүх зүйлээ цэгцлээд ирнэ. Олон талын боломжууд байсан учраас л аль 20 жилийн өмнөх төр засгийнхан олж хараад, мэргэн шийдвэр гаргасан байгаа юм. Үр шим нь Монгол Улсын нэр хүнд дэлхийд үнэлэгдэж, Монгол Улсын Зэвсэгт хүчин чадавхжиж байгаа юм. Эцсийн дүндээ бид эх орноо найдвартай хамгаалж чадах цэргийн алба хаагчидтай болж байгаа юм.
Саяхан надад ажиллагааны орноос “Энхийг сахиулагчаас илгээж буй гунигт захидал” хэмээн хаягласан захидал ирснийг та бүхэн бүгд уншсан байх. Тухайн захидалд “Энд буй дарга, удирдлагууд энгийн биднийгээ шулан мөлжиж байна гэсэн утгатай”. Асуудлыг нууж хаалгүй ил ярих нь зөв. Захидлын мөрөөр удирдлагуудтай нь холбогдож, тэр дор нь арга хэмжээ авсан. Шударга бус үйлдлийг илчилж, захидлыг илгээсэн алба хаагчид би баярлаж байгаа. Ахиж ийм зүйл цаашид гарахгүй байх гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн бие бүрэлдэхүүнтэй Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсгийг албан ёсоор томилон явуулж байгаа. Өмнө нь явуулж байсан ч энэ удаагийнх бол болохгүй, бүтэхгүй байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой явна. Тухайлбал алба хаагчдын ажиллах, амьдрах орчин, хангалт, үүрэг гүйцэтгэх нөхцөл байдал, зэвсэг техникийн асуудалтай нэг бүрчлэн танилцана.
Эцэст нь хэлэхэд цэргийн хүн дэгтэй, журамтай байх ёстой хэдий ч амаа үдүүлсэн мэт яв гэсэн үг биш юм. Асуудал байвал шат шатны дарга удирдлагууддаа уламжил. Цэргийн хүнд итгэлцэл гэдэг бол маш чухал. Миний хувьд салбарын сайд болсноос хойш Шударга, Хариуцлагатай, Зөв хандлагатай байцгаая гэдгийг байнга хэлж, захиж байгаа. Энэ зарчмыг л баримталцгаая. Бие биенээ хүндэлдэг, тусалж, дэмждэг байцгаая. Ялангуяа хүний нутагт үүрэг гүйцэтгэх гэж байгаа та бүхэн нэг нэгэндээ дэмтэй, ажил үүргээ хийвэл хийсэн шиг хийчихдэг, харилцан хүндэтгэлтэй хандаж яваарай. Цаашид ажиллагааны шинэчлэлийг доривтой хийх болно.
Дэлхийд данстай улс эх орныхоо батлан хамгаалагч та бүхэн минь төрөөс өгсөн үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлээд ирэхийг хүсэн ерөөе.