Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 12 секунд

Д.Жаргалсайхан: Авлигачид Засгийн газрыг огцруулж тэр хоорондоо цаг хожих зорилготой

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан олон нийтийн жагсаал болон Засгийн газрын мэдээлэлтэй холбогдуулан эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

Тэрбээр “Улс оронд болж буй үйл явдал гурван шалтгаантай гэж дүгнэж байна. Нэгдүгээрт эдийн засгийн шалтгаан. Цар тахлын дараа эдийн засаг сэргэхгүй байна. Төр засгаас үнэ цэнэ бүтээгээгүй маш их мөнгийг олон хүнд тараасан. Улмаар гол нэрийн барааны үнэ нэмэгдсэн. Мөн төгрөгийн ханш өнгөрсөн онтой харьцуулахад 17-18 хувиар буурлаа. Инфляц 17 хувьтай байна. Энэ бүхэн эдийн засаг сэргэх боломжийг өгөхгүй байна.

Хоёрдугаарт засаглалын шалтгаан байна. Энэ бол авлигын асуудал. Олон жил авлигын тухай ярьсан ч хүмүүст хариуцлага хүлээлгээгүй. Энэ Засгийн газар авлигатай холбоотой хэргүүдийг гаргаж ирж ярьж байгаа. Ялангуяа Хөгжлийн банк, нүүрсний хулгай, гадаадын хөрөнгө оруулагчдыг луйвардсан хэрэг гэх мэт.

Гуравдугаар шалтгаан нь авлигын хэргүүдийг ярьж буйгаас болоод холбогдсон хүмүүс нь Засгийн газартай тэмцэж эхэлж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асар их мөнгөтэй хүмүүс энэ үйл явдалд оролцож байна. Авлигачид бүх нийтийн анхаарлыг энэ хэргүүдээс холдуулах, өөр тийш хандуулж Засгийн газрыг огцруулж тэр хоорондоо цаг хожих зорилготой байна.

Засгийн газарт хандаж үзэл бодлоо илэрхийлэх бол ардчилсан оронд байдаг л зүйл. Гэхдээ хөрөнгө сүйтгэж байгаа нь хариуцлагагүй асуудал юм. Өмч хөрөнгө гэдгийг Үндсэн хуулиар хамгаалсан байдаг. УИХ-ыг тарааж, Засгийн газраа буулгах асуудал Ерөнхийлөгчийн түвшинд яригдсан юм шиг байна. Өөр оронд бол Ерөнхий сайд нь парламентаа тараах эрх мэдэлтэй байдаг. Манайд тийм эрх мэдэл байхгүй. Ийм учраас Үндсэн хуульд ахин нэмэлт, өөрчлөлт оруулж үүнийг хийх юм шиг байна. Төр засгаа сольж удаан хугацаанд нэр төдий удирдлагатай явах нь нүүрсний хулгайч нарт ашигтай. Ийм нөхцөл бий болох нь гэж харж байна. Дахин сонгууль хийх гэсээр байтал эдийн засаг дийлэхгүй. Тийм учраас огцруулахаасаа илүү хулгайн хэргүүдээ хурдан шийдэхийг шаардах нь зөв болов уу.

Том зургаар харах юм бол төрийн өмч нэртэй намын өмч болсон хөрөнгө улам томроод байгаа. Энэ бол авлига улам томорно гэсэн үг. Төрийн бүх компанийг хувьчилж олон нийтийн өмч болгох шаардлагатай. Энэ бүхнийг хийхгүйгээр төр засгаа солих нь алдагдалтай гэж харж байна” гэв.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ болон Япон Улсад “ажлын айлчлал” биш “төрийн айлчлал” хийсэн нь онцлох үйл явдлаа байсан талаар бид тоймлон хүргэж байсан. 
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ болон Япон Улсад “ажлын айлчлал” биш “төрийн айлчлал” хийсэн нь онцлох үйл явдлаа байсан талаар бид тоймлон хүргэж байсан. 
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.