Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.12.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын 450 дугаар тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиж, ажиллаад ирлээ. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлыг хүлээлцүүлж, үүрэгт ажилд нь оруулж, компанийн хяналтыг бүрэн авсан. Хоёрдугаарт, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх тал дээр газар дээр нь дүгнэлт хийж, хэд хэдэн чиглэлийг хэрэгжүүлэхээр Засгийн газарт өнөөдөр танилцууллаа.
Нэгдүгээрт, тэнд ямар нөхцөл байдал үүссэнийг олон улсын хөндлөнгийн экспертүүд шалгаж тогтооно. Тодруулбал, уулын ажлын олборлолт, тэсэлгээ, төлөвлөгөөнүүдийг харж, "Эрдэнэс Тавантолгой" компани болон орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн хооронд үүссэн асуудлууд үнэн бодитой эсэхийг тогтооно.
Хоёрдугаарт, нүүрс шатсан, исэлдсэн гэж нэг хэсэг нь ярьж байна. Тэр компанийн инженерүүдийн хэлснээр асуудалд хандах ёсгүй. Тийм учраас хөндлөнгийн мэргэжилтнүүд нүүрс шатсан, исэлдсэн эсэхийг тогтооно. Ухаад гаргаж ирсэн нүүрс исэлдэхэд олон сар жилийн хугацаа шаардлагатай.
Гуравдугаарт, Хятад улс бүх гэрээгээ бүртгэдэг. Бүртгэсэн гэрээний дугаар маш чухал. Гэтэл Хятад, Монгол Улсын гаалийн бүртгэл зөрдөг. Хятадын холбогдох байгууллагууд гэрээгээ татан авч, тулгаснаар орлогын дагуу борлуулалт хийсэн үү гэдгийг тодорхой болгоно. Орон нутгийн "Тавантолгой" компани гэрээний дагуу үйл ажиллагаа нь зогссон үед Хятадаас том эксковатор оруулж, нүүрс хулгайгаар олборлосон эсэхийг хууль хяналтынхан тогтооно.
"Цар тахлын төсвийн зарцуулалтад хоёр, гурван сарын хугацаанд аудитын шалгалт оруулж, урьдчилсан байдлаар дүгнэлт бэлэн болж байна. Удахгүй албаныхан надад танилцуулна. Бид аудитаар оруулахгүйгээр нийтэд зарлах боломжгүй гэж үзсэн учраас хяналт шалгалт хийхээр болсон. Олон нийтэд удахгүй ил тод мэдээлнэ гэсэн юм.