Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчдын тавьж буй шаардлагатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлдээ бол жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо болилоо. Засгийн газар огцор гэдэг шаардлага тавьж байсан. Мөн ер төрийн өмчит компаниудын хувьцааг нээлттэй болгож болохгүй гэдэг зүйлийг ярьж байна.
Аливаа тэмцэл хөдөлгөөн системтэй бөгөөд Үндсэн хуулийн дэг журмын дагуу явагдах ёстой. Миний хувьд тухайн жагсаал улс төрийн өөр агуулгатай байна уу гэдэг ойлголтод хүрч байна.
Жагсаж буй хүмүүсийн төлөөллийг хүртэл ҮАБЗ-ийн нууц зөвлөмжтэй танилцах боломжтой гэдгийг хэлсэн. Одоогоор үзсэн хүн байхгүй" гэлээ.
"Процессын үйл ажиллагаа тасалдуулсан халдашгүй бүрэн эрхтэй хүний хэргийг царцаана"
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухайд "Гишүүд халдашгүй байдалтай байдаг нь төрийн дархлаа юм. УИХ 76 гишүүнтэй. Гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ баталгаажуулдаг. Анхдагч төрийн дархлаа үүсэж байна гэсэн үг. Хууль хяналтын байгууллагууд төрийн эргэлт хийх замаар үгсэн хуйвалдаад парламентын гишүүдийн олонхыг цагдан хорьсон тохиолдол төр чадамжаа алдана. Тухайн хүндээ биш төрийн дархлаа гэж ойлгож болно.
Одоогийн хүчин төгөлдөр байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар УИХ-ын гишүүн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, яллагдагчаар татагдсан цагаас эхлээд уг ажиллагааг тасалдуулахгүй явуулах үүрэг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн дуудсан цагт очиж, шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Энэ үйл ажиллагаанд саад учруулж буй тохиолдолд Улсын ерөнхий прокуророос УИХ-д хандаж, тухайн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдана. Ингэж саад учруулаагүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явна.
Тухайлбал, Хөгжлийн Банкны гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд шүүгдэгч статус руу шилжиж байгаа. Хэрэг нь шүүх рүү шилжиж байна. Хэргийнхээ материалтай танилцаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлнэ. Уг хэлэлцүүлэг дууссаны дараа шүүх хуралдаан үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж үзвэл гэм буруугийн хурлыг явуулна. Гэм буруутай эсэхийг шүүх шийднэ. Хэрвээ гэм буруутай гэдэг нь шүүхээр тогтоогдвол УИХ-ын гишүүний халдашгүй эрх байхгүй болж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн ял оногдуулах хурал үргэлжилнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр процессын үйл ажиллагаа тасалдуулаад байгаа халдашгүй бүрэн эрхтэй хүний хэргийг шууд царцаахаар оруулж ирсэн. Ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацаа цаашаа тоологдохгүй хэрэг нь зогсоод, 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр тухайн хүний бүрэн эрх нь дуусгавар болсноор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа автоматаар үргэлжлэх юм. Япон, БНСУ, Европын улс орнуудын парламентын гишүүдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа баримталдаг зарчмыг бид хуульд нутагшуулсан" гэсэн юм.
Шалгагдаж буй хүмүүст хилийн хориг тавихгүй байна гэсэн шүүмжлэлтэй холбогдуулан "Энэ асуудлыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн даргаас асуух хэрэгтэй. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол батлагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөгч дараах хойшлуулшгүй арга хэмжээ авна. Таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тухайн хүний хувийн байдалд тохируулж гаргана.
Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авна. Хувийн батлан даалт, гадагшаа гарахгүй гэсэн баталгаа гаргуулж авч болно. Энэ сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сөүл чиглэлд нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргаж, эмчлүүлэх шаардлагатай гэдэг эрүүл мэндийн бичиг баримтаа нотлоод, мөрдөгч үүнийг нь хүлээн авч, таслан сэргийлэх арга хэмжээний хувийн баталгаа гаргаад явуулсан гэж ойлгосон" гэв