Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 25 секунд

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Батлан хамгаалах яам, Шинжлэх ухааны академи хоорондын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ШУА-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн шагналт, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич Д.Рэгдэл, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү, ШУА-ийн Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан болон бусад албаныхан оролцлоо.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Одоогоос хоёр жилийн өмнө Төрийн захиргааны төв байгууллагуудаас анх удаа ШУА-тай салбар дундын харилцаа, тэр дундаа батлан хамгаалахын эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдмийн бодлогын зөвлөлүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан тохиролцож, хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байсан. Хэдийгээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдал хурцдаж, улс даяараа хөл хорионд орсон боловч ШУА-тай хамтраад төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэн ажлын уялдаа холбоог бий болгож чадсан. Мөн судалгааны ажлын чиглэлээр эрдэмтэд нэгдэж эхэлсэн нь тун авууштай байлаа. Өнөөдөр бид үргэлжлүүлэн цаашид хамтран ажиллахаар санамж бичгээ дахин байгууллаа. Батлан хамгаалах салбарын хувьд мэдлэг оюун, инновацид суурилсан зэвсэглэл техникийн шинэчлэлийг хийх, цэргийн технологийн шинэчлэлийг эхлүүлэн үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч байх зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ ажилд ШУА-ийн эрдэмтдийн баг, хамт олны дэмжлэг чухал үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэж байна" гэсэн юм.

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төлөвлөсөн ажлаа хийснээс гадна бидний хамгийн гол ололт бол хоёр талдаа байгаа оюуны болон материаллаг нөөцүүдээ мэдэж авсан. Үүний үр дүнд өнөөдөр үзэглэж буй хамтын ажиллагааны санамж бичигт маш тодорхой ажлуудыг төлөвлөн тусгалаа. Бид өнөөдөр энэхүү гэрээнд гарын үсэг зурж байгаа боловч төлөвлөсөн ажлууд маань хэдийнээ эхэлчихсэн. Өнөөдөр дэлхий дахины нөхцөл байдал таатай биш байгаа ч аливаа улсын аль ч салбарын хөгжил гэдэг шинжлэх ухаанд суурилах нь улам бүр тодорхой болж байна" хэмээгээд батлан хамгаалах салбарын нийт хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Тус санамж бичгийн зорилго нь Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас батлан гаргасан шинжлэх ухаан, технологи, инновацын тухай хууль, эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд хамтарсан судалгаа явуулах, сургалт, судалгааны ажлыг нягт уялдуулах, харилцан мэдээлэл, санал солилцох, хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн хэлэлцэх, цаашдын зорилтыг тодорхойлох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд оршиж буй юм.

Эх сурвалж: СОЁМБО РЕДАКЦ

БХЯ, ЗХЖШ-ЫН УДИРДЛАГУУД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУДАД АЖИЛЛАЛАА
БХЯ, ЗХЖШ-ЫН УДИРДЛАГУУД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУДАД АЖИЛЛАЛАА
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.