Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба, бригадын генерал Мөнхбаяр, БИЦУГ-ын дарга хурандаа Х.Батсайхан тэргүүтэй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагууд Зэвсэгт хүчний 017 дугаар ангид ажиллалаа.
Эрхэм зочид төлөөлөгчдийг ангийн хүндэт харуул жагсан ҮЖҮНХ-ийн хамт олон Төрийн дуулал эгшиглүүлэн угтан авсны дараа ангийн захирагч хурандаа Б.Дорждэрэм Барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх боломж, тусгай зөвшөөрөл болон энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, цэргийн сургалт бэлтгэл, бүтээн байгуулалтын талаар танилцуулсан юм.
Батлан хамгаалах салбартаа бүтээн байгуулалтыг өрнүүлдэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой тус анги нь 2022 онд Барилгын мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж 108 цэргийн алба хаагчтийг хамруулсан байна. Тэдгээрийн 10 хувь нь ахлагчийн бүрэлдэхүүн, 90 хувь нь хугацаат цэргийн алба хаагчид байсан төдийгүй Монгол Улсын ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлгийн газар байгуулан таван төрлийн 172.600 ширхэг суулгац тарьж ургуулсан тухайгаа тайлагнасан юм.
Түүнчлэн хурандаа Б.Дорждэрэм тулгамдаж буй асуудлын талаар сайдад танилцуулж дэмжлэг туслалцаа авахаар боллоо. Тодруулбал ангийн байрлалд "Ахуйн үйлчилгээний төв" байгуулах, хугацаат цэргийн алба хаагчдад барилгын мэргэжил эзэмшүүлэх мэргэжлийн боловсрол олгох сургалтыг дахин зохион байгуулах дэмжлэгийг сайдад уламжилсан юм. Үүний дараа ажлын хэсгийн бүрэлдэхүүн хугацаат цэргийн албан хаагчдын шинэ байртай танилцаж, үлгэр жишээч тохилог байртай болсон талаар хэлэлцэн сайшааж байсан юм.
Эх сурвалж: Соёмбо редакц