Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 32 секунд

Зочид буудлын тагтнаас унаж амиа алдсан Оросын бизнесмэний хэргийг Энэтхэгийн эрх баригчид шалгаж эхэлжээ

Оросын бизнесмэн, улс төрч Павел Антов
Өнгөрсөн Бямба гарагт Оросын 65 настай бизнесмэн, улс төрч Павел Антовын цогцос Энэтхэгийн Одиша мужийн Раягада хотын тансаг ангиллын зочид буудлаас олдсон юм.

Тэрбээр энд Оросын өөр гурван иргэний хамт амарч байжээ. Үүнээс хоёр хоногийн өмнө түүнтэй хамт аялж байсан Владимир Биденов мөн зочид буудалд ухаангүй байдалтай олдсоны дараа нас барсан юм.

Түүнд зүрхний шигдээс тохиолдсон байжээ.

Энэтхэгийн Одиша мужийн цагдаагийн газар Оросын хоёр иргэний учир битүүлэг үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа талаараа өчигдөр мэдээлсэн байна. “Антовыг зочид буудлын тагтнаас унаж, золгүй байдлаар амиа алдсан гэж одоогоор дүгнэж байна. Тэр найзынхаа үхэлд сэтгэлээр унаснаас ийм байдалд хүрсэн байх магадлалтай” гэж орон нутгийн цагдаагийн газрын дарга Ражеш Пандит мэдээлжээ.

Биденовыг согтууруулах ундаа ихээр хэрэглэж, мансууруулах бодисын тун хэтрүүлсэн байх өндөр магадлалтай гэж дүгнэсэн байна.

Хэргийг мөрдөх ажлын хүрээнд зочид буудлын хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж, ажилчид болон хамт амарч байсан хүмүүсээс мэдүүлэг авч эхэлсэн байна.

Антов, Биденов нар арванхоёрдугаар сарын дундуур Энэтхэгт ирж, өнгөрсөн долоо хоногийн эхнээс дээрх зочид буудалд байрлаж байжээ.

Антов нь 2018 оноос хойш Нэгдсэн Орос намыг төлөөлөн Москва орчмын бүс нутгийн орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байв.

Улс төрд орохоосоо өмнө тэр “Владимирский Стандарт” нэртэй мах боловсруулах үйлдвэрийг үүсгэн байгуулж, Форбс сэтгүүл 2019 онд Оросын парламентын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудаас хамгийн баян хүнээр түүнийг шалгаруулж байжээ.

Өнгөрсөн зун тэр Украины дайныг шүүмжилсэн утгатай мэдэгдлийг хувийн WhatsApp хаягтаа нийтэлснийг Оросын хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тус нийтлэлд Киев хотыг Оросын арми бөмбөгдсөн үйлдлийг “терроризм” хэмээн нэрлэсэн байна.

Гэхдээ Антов сүүлд үүнийг бичсэнээ үгүйсгэж, Украин дахь Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-г дэмжиж байгаагаа ВКонтакте хуудсандаа илэрхийлж байжээ.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД БАРИЛГАЧИН ДАЙЧДЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХААР БОЛЛОО
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД БАРИЛГАЧИН ДАЙЧДЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХААР БОЛЛОО
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.