Энэ өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ким Жон Гү-той уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ким Жон Гү түүх, соёлын өргөн харилцаатай Монгол Улсад ажиллахаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа тэмдэглэв.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ нь хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн үнэт зүйлстэй гуравдагч хөрш, ойр дотнын түнш болохыг дурдаад “Стратегийн түншлэл”-ийн бат бэх харилцаанд түшиглэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжих хүрээнд Элчин сайд Ким Жон Гү-тэй хамтран ажиллахаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэв.
Талууд “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийн анхны хуралдааныг ойрын үед зохион байгуулах, Монгол Улс, БНСУ-ын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэх болон иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд бодит үр дүн гаргахын төлөө зорьж ажиллахаар ярилцав