Ховдын тендерийн мафи хоолноосоо салах гээд сандралдаж байна
Ховд аймагт сүүлийн хэдэн өдөр улс төрийн эргэн тойронд олон үйл явдал болж байна. Учир нь Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс улбаалж дараагийн Засаг даргын сунгаа эхэлсэнд Ховдын тендерийн мафийнхан их л бухимдалтай явна гэнэ.
Ховдийн тендерийн мафи гэх бүлэг албан тушаалтнуудад тус аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, Засаг даргын орлогч асан Т.Жаргалсайхан, “Шим ус” ОНӨААТҮГ-ын дарга Н.Ганбат, Төрийн банкны Ховд аймаг дахь салбарын захирал А.Батмөнх нар холбогддог аж. Тэдний хувьд албан тушаал, эрх мэдлээ ашиглан Ховд аймагт зарлагддаг бүхий л том тендерийг хусдаг гэнэ. Ховдын талын хашааны нохой ч энэ дөрвийг андахгүй.
Нэр холбогдож буй Засаг даргын орлогч асан Т.Жаргалсайхан гэхэд л агаарын бохирдлыг бууруулахад 1,2 тэрбум төгрөг, ЗДТГ-ийн дарга Д.Энхболд, Шим ус ОНӨГ-ын дарга Н.Ганбат нар нь хүүхдийн паркийн 400 сая, гудамжны гэрэлтүүлгийн тендерийн 700 сая орчим төгрөгийн тендерийг авсан гэх мэдээлэл байна. Н.Ганбат нь дүү Н.Ганзоригоороо дамжуулан тендерийн ажлаа зохицуулуулдаг бөгөөд дүү нь тендерийн хороог ахлах зэргээр арын ажлыг ахлаж, цэвэрхэн хулгай хийдэг сурагтай.
Түүнчлэн Засаг даргад нэр дэвшиж буй Т.Дэлгэрсайханыг хүчээр нэр дэвшүүлж, Засаг дарга асан Б.Дүгэржавыг намын бодлогоо дагана гэж хэлсний төлөө амь насанд нь заналхийлэл учруулсныг эх сурвалж мэдээлэв.
Засгийн газар төдийгүй МАН-аас дэвшүүлж байгаа авлигатай тэмцэх бодлогыг эрс эсэргүүцэж, Э.Болормааг Засаг даргаар сонгуулахгүйн төлөө байдгаа барьж, хамаг хороо найруулж байгааг Ховдын улс төрийн хүрээнд ярилцаж байна.
Хоолноосоо салахгүй гэсэн хорчин ах нарыг сонгох уу, хөгжлийн бодлогын төлөө залуу боловсон хүчнээ сонгох уу гэсэн эрс сонголтын өмнө ИТХ-ийн төлөөлөгчид хэцүүдэж байгаа бололтой.