Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
25 минут 58 секунд

С.Баяр: Тэнгэрийн муухай арилж, шинэ сайн цаг ирнэ ээ!

"Тэр шийдвэр маань зах зээлийн эдийн засгийн онол талаасаа буруу байсан байхыг би үгүйсгэхгүй"

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяртай ярилцлаа.

-Сайн байна уу? Та сайхан өвөлжиж байна уу?

-Сайн, сайн. Өвөлжөө сайхан.

-Ерөнхий сайд бүр улс төрийн өөр, өөр намтартай, улс төрд үлдээсэн ул мөртэй. Та бол Оюу Толгойг анх хөдөлгөж, Тавантолгойг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан Ерөнхий сайд. Ингэж шийдсэн нь Таны гавьяа. Гэхдээ гай ч бас байгаа байх. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад гай, гавьяа хоёрын аль нь давамгайлах бол гэж Та боддог вэ?

-Философийн гэмээр асуулт шиг сонсогдож байна (инээв). Гай, гавьяа гэдэг бол нэг зоосны хоёр тал нь гэж ойлгогддог. Философилог энэ асуултаа цаг хугацаа, орон зайн ямар алслал дээр асууж байгаа юм бэ надаас? Алслалаас нь хамаарч асуултын хариулт нь гарах байх.

-Намайг ингэж асуусанд та бүү эмзэглээрэй. Тавантолгойн орд газрын 96 хувийг төрийн мэдэлд авч, лиценз эзэмшиж байсан хувийн хэвшилд 4 хувийг нь үлдээх шийдвэр гаргасан нь Танай Засгийн газар. “Эрдэнэс Тавантолгой” малгайтай төрийн компаниар энэ орд газрыг “хөдөлгөж”, нүүрсээ зөөж эхэлсэн. Гэтэл эцэст нь нүүрсний хулгайн асар том эргүүлэгт орсон байснаа бид саяхнаас мэдлээ. Анхнаасаа хувийн хэвшилд байсан ордыг төрд авах нь зөв байсан уу, Танд юу гэж санагдаж байна?

-Тавантолгойд их хэмжээний хулгай нүүрлэсэн тухай сонсоод бүгд л гайхаж цочирдож байна. Энэ орд газрыг төрийн мэдэлд авах тухай гаргасан шийдвэрийг зөв, буруу гэж барин тавин хэлэх хэцүү. 2008 онд энэ асуудлыг анх шийдэж байхдаа ч эргэлзэж байсан. Одоо ч эргэлзсэн хэвээр. Энэ тухайгаа би нийгмийн сүлжээнд жиргээд, тэр маань хөөрхөн хэлэлцүүлэг өрнүүлсэн нь саяхан.

-Би таны тэр жиргээг харсан. Эргэлзэж байсан юм бол яагаад тийм шийдвэр гаргасан юм?

-Улс, үндэстний хэмжээний аливаа том шийдвэр асар их маргаан, эргэлзээн дунд, бөөн шахалт, дарамт дор төрдөг. Тавантолгойг тойрсон дотоод гадаадын олон сонирхол огтлолцож байсан юм. Таван толгойг сонирхсон гадаадын том гүрнүүд, том, том хөрөнгө оруулагч тэр үед олноор гарч ирсэн. Тиймээс энэ орд газарт хувь хувьсгалын өмчлөлийн зааг болон дотоод гадаадын оролцооны хэмжээг аль болох түргэн тогтоогоод, энэ төслийг эдийн засгийн эргэлтэд бушуу оруулах, тэгэхдээ гуравдахь гэгддэг хөршийн оролцоог хангах гээд л байдгаараа үзэж байсан үе шүү дээ. Шороотой түүхий нүүрс зөөхгүй, аль болох боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортонд гаргах зорилт тавиад гадаадын хөрөнгө оруулагч хайсан ч, хангалттай тохиролцоонд хүрч чадаагүй. Дотоодын шахалтаар гадаадын хөрөнгө оруулагчид хөөгдөж байсан үе.

-Дотоодын яг ямар шахалт байв?

-Залуу сэтгүүлч чи мэдэхгүй байх нь аргагүй. 15 жилийн өмнө жагсаал цуглаан Төв талбайгаас салдаггүй байлаа. Ихэнх нь байгалийн баялаг, уул уурхайгаа харамласан сэдэвтэй. Нийгмийн сэтгэлгээ ч тийм байсан. Хил залгасан хөрш их гүрнүүдийн нөлөө, оролцоо ч багагүй байсан биз. “Монголын баялгаа гаднынханд өгөхгүй”, “МАНАН-гийн олигархууд шуналаа тат”, “Тавантолгойг 100 хувь улсад ав” гэх мэтийн лоозонтой, Төв талбай дүүрэн жагсан шаардаж байсан үе. Энэ мэтийн шаардлагыг тэр үеийн Төрийн тэргүүнээсээ эхлээд парламентэд суудалтай, суудалгүй улстөрчид олноороо дэмжин уухайлж, зад попорч байсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байв.

-Ингэхэд нүүрсний энэ их хулгай гарах үндсэн нөхцөл нь юу байсан юм бэ?

-“Хараа хяналтгүй өмч дээр хулгай үүрлэдэг” гэж хуулийн ангийн оюутан бидэнд заадаг байж билээ. Засгийн газрын мэдэгдсэнээр, олон жил үргэлжилж, олон тэрбум, их наядаар хэмжигдэх хулгай хийсээр ирсэн нь үнэн бол хараа хяналтгүй өмч болсон байна л гэсэн үг. Хулгайгаа саадгүй хийхийн тулд хараа хяналтыг зориуд алдагдуулсан байж ч мэднэ.

-Хувийн хэвшилд байсан Тавантолгойн энэ ордыг төрийн мэдэлд аваагүй бол ийм хулгай гарах нөхцөл бүрдэх байсан уу үгүй юу? Та юу гэж бодож байна?

-Хувийн өмч бол ямагт эзэнтэй. Төрийн өмч бол эзэнгүйдэх гээд байдаг талтай. Эзэнтэй, эзэнгүй өмчийн аль нь хулгайд илүү өртөмтгий вэ гэдэг нь мэдээж. Асуугаад байгаа асуултын цаад учрыг нь би ойлгож байна. Тавантолгойн орд газрыг төрийн мэдэлд авах Засгийн газрын шийдвэр буруу байсан гэж тэр Засгийн газрын тэргүүн надаар хэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа бололтой. Хүлээн зөвшөөрч ядаад байх юмгүй. Тэр шийдвэр маань зах зээлийн эдийн засгийн онол талаасаа буруу байсан байхыг би үгүйсгэхгүй.

ПОПОРСОН УЛСТӨРЧДИЙН ШАНТААЖ ШАХАЛТ, ЗОГСОЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ ЖАГСААЛ ЦУГЛААНЫГ ЯАЛТАЙ БИЛЭЭ

-Бурууг нь мэдсээр байж тэгж шийдсэний учрыг нь олох гээд л би Танаас асуугаад байгаа юм л даа...

-Шилжилтийн үеийн шийдэл сонин. Ном ёсоор нь, зөв зүйтэй шийдье гэвэл бүтэхгүй байх талтай. Харин буруу шийдвэл бүтэж мэднэ. Тэр үеийн нийгмйн сэтгэлгээ, попорсон улстөрчдийн шантааж шахалт, зогсолтгүй үргэлжлэх жагсаал цуглааныг яалтай билээ. Үл тоовол төр засаг тэсэхгүй. Хэт тоовол эдийн засаг тэсэхгүй. Тэгэхээр тэг дундуур нь явах шаардлага гарна. Тавантолгойн орд газрын дийлэнх хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан ийм учиртай юм. Тэр үед тэгж шийдээгүй бол тэр орд газар огт хөдлөхгүй, эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй байх байлаа.

-Ерөнхий сайд, намын дарга буюу нэгдүгээр түвшний албан тушаалтан байсан болохоор өөрийнхөө гаргасан шийдвэрийг буруутгахгүй нь зүйн хэрэг. Гэтэл Тавантолгойг бүхэлд нь хувийн хэвшил нь хариуцаад явсан бол аль хэдийн төмөр замтай, баяжуулах үйлдвэртэй, цахилгаан станцтай болсон байх байсан биз дээ?

-Засгийн газар хувийн хэвшилтэй тийм тохироо хийсэн. Тавантолгойн орд газрыг аль социализмын үеэс төсвийн хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн, нөөцийг нь тогтоосон түүхтэй. Ийм орд газрын 50 хувь хүртэл улсын мэдэлд авах хуультай. Гэтэл Засгийн газар хувийн хэвшилтэй хэлэлцээр хийж байгаад тэрнээс нь 96 хувийг нь авч, шантаажийн улс төр, жагсаал цуглааны амыг нь хаасан санаатай. Харин дөрвөн хувьтай үлдсэн “Энержи ресурс” баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барих ажлаа эхлүүлсэн. Дээр нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн өндөр даацын 260 км автозам барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр говийн эмзэг хөрсийг орвонгоор нь эргүүлж, экосистемийг сүйрүүлж байсан “зэрлэг балмад” тээврийг тэр нутагт халсан.

-Хувийн хэвшил нь төмөр замаа өөрсдөө тавих гэж байсан төслийг төрд аваад 10 гаруй жил гацаасны горыг өнөөдөр бид хангалттай амсаж байна?

-Тийм. Манай Засгийн газрын олгосон тусгай зөвшөөрлөөр “Энержи ресурс” ХХК төмөр замын ТЭЗҮ Германы Дойче Бантай хамтран боловсруулж, шаардлагатай хөрөнгө босгоод, эрсдэлээ хүлээгээд ажлаа эхлүүлсэн байсан. Гэрэл дараа дараагийн Засгийн газар энэ бүхнийг нь зогсоож “Төмөр замыг төр л барих ёстой” гэсээр ажлыг нь булааж авсан. Төр тийм мөнгөгүй байж, элдэв эрсдэлд орж байгаа нь энэ шүү дээ. Төмөр зам барих ажил тэгсгээд зогссон. Дээр нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн өндөр даацын 260 км автозамыг төрд бас булааж авсан. Хувийн хэвшлээс өнгөтэй өөдтэй, ашиг орлоготой байж болох бүх юмыг нь булааж төрд төвлөрүүлдэг энэ хандлага одоо ч амь бөхтэй оршсоор л байна.

-Таныг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нийгмийн сүлжээ гэж байсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ч тоотой хэдхэн байлаа. Хэрвээ одоогийнх шиг түвшинд байсан бол тухайн цаг үеийнхээ хамгийн дуулиантай гол дүр нь Та болох байсан байх. Оюу Толгой, Тавантолгой, Долоодугаар сарын нэгэн, Атрын аян гээд л...

-Харин тийм. Нийгмийн сүлжээ одоогийнх шиг идэвхтэй байсан бол сайн муу талтай. Сайн тал нь юу гэхээр, аль ч асуудлаар бодлого, байр сууриа товч, тодорхой тайлбарлаад яваад байх бололцоотой байх байж. Муу тал нь юу гэлээр, нийгмийн сүлжээтэй ноцолдсоор хамаг цаг заваа барах байсан байж магадгүй юм даа.

НАМАЙГ ЧУХАМ ЮУНД БУРУУТГААД БАЙГААГ БИ ҮНЭХЭЭР ОЙЛГООГҮЙ

-Түрүүний том асуудлуудаас гадна “Анод” банктай холбоотой шуугиан байна. Ер нь “Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Н.Даваа, гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр нарын яриад байгаа зүйл хэр бодитой юм. Та товч жиргэснээс бусдаар тодорхой, тоймтой хариулт өгөөгүй?

-Нэр бүхий энэ нөхөд чухам юу яриад, намайг чухам юунд буруутгаад байгааг би үнэхээр ойлгоогүй. Би энэ нөхдийг огт танихгүй, уулзаж учирч байсан удаагүй. Сайн муу ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар холбогдож огт байсангүй. Ярьсан яриаг нь сонсоод ухаан санаа нь эрүүл байгаа эсэхэд нь эргэлзсэн. Уур хүрээд хэрэг зарга хийх гэснээ шорон оронд байж байгаад гарч ирснийг нь санаад орхисон.

-“Анод” банк дампуурахад та энэ улсын Ерөнхий сайд байсан. Мэдээлэлд хамгийн ойр байсан албан тушаалыг хашиж байсан хүний хувьд асуухад тухайн үед яг юу болсон юм бэ?

-Намайг Ерөнхий сайд болохоос өмнө “Анод” банкны байдал хэдийнээ хүндэрсэн байсан. Засгийн газар арилжааны банктай шууд харьцдагггүй учраас байдлыг нь би нарийн сайн мэдэхгүй. Ерөнхий сайд болоод ажлаа хүлээн авч байх үед “Анод” гэх арилжааны энэ банкны нийт олгосон зээлийн багцын ихэнх хувь нь чанаргүй болсон, өр өглөг нь авлагаасаа хэт давсан байсан гэж танилцуулж байсан. Тэгтэл удалгүй хадгаламжаасаа мөнгө авъя гэсэн харилцагчдынхаа шаардлага, хүсэлтийг хангах чадваргүй болсон гэсэн. Энэ бол аюултай. Энэ бол нийт банкны системийн ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, уналтанд оруулах эрсдэлтэй болж эхэлсэн гэсэн үг.

-Тэгээд ямар арга хэмжээ авсан юм бэ?

-Тийм ч учраас Засгийн газраас банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай” хуулийн төсөл яаралтай боловсруулж УИХ-аар батлуулж байлаа. Байгуулсан банкаа авч явж чадаагүй хариуцлагагүй хэдэн нөхдийн өмнөөс төр баталгаа гаргахдаа тулж байна гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд Монголбанкнаас энэ банкинд нэг жилийн хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч буюу БЭТ томилж байсан. Тэглээ гээд энэ банкны байдал нь сайжраагүй. Хэт хүндэрсэн байсан учраас дампуурсан гэсэн.

-“Анод” банк дампуураагүй, түүнийг зориуд дампууруулсан. Шоронд хийж байгаад банкийг хүчээр татан буулгасан гэж нэр бүхий дээрх нөхөд яриад байгаа...?

-Арилжааны банк зориуд дампууруулж, банк санхүү, хүнсний хямралд тэртэй тэргүй дэнжигнэж байгаа эмзэг эдийн засгаа нэмэгдэл эрсдэлд оруулдаг тийм мулгуу Засгийн газар гэж байх уу? Бод доо. Үндэс логик, утга учир хаа байна? “Анод” банкны байдал муудахад эздийнх нь энэ мэтийн мэдлэг боловсролгүй, утга учиргүй, авцалдаа логикгүй энэ байдал, хандлага нь нөлөөлсөн гэж банкны салбарынхан ярьдаг юм билээ. Дээр нь эзэд нь УИХ-ын сонгуулиар нэг нэг тойрогт нэр дэвшээд үлдсэн хэдэн цасаа үрэн таран хийсэн гэдэг. Монголбанкнаас энэ банкинд онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийн зөвлөл томилж, бүр зээл олгож тусалж байсан. Энэ бүгд нь нэмэр болоогүй. 2010 онд энэ банкийг албан ёсоор татан буулгах шийдвэр гаргасан гэсэн. “Гэсэн” гэж хэлээд байгаа маань би тэр үед Ерөнхий сайдын ажлаа өгсөн байв. Харин энэ банкны эзэд шоронд орсон нь бүр сүүлд, 2013 онд болсон явдал гэж би дуулсан.

-Банк нь дампуурч баларсан тэднийг ямар хэргээр, яалаа гэж шоронд хийсэн юм бол? Та мэдсэн үү?

-Мэдээний сайтаас олж уншсан. Тэднийг ялласан хэд хэдэн зүйл анги бичсэн байсан, би одоо санахгүй байна. Өөрсдөө хохироод зогсохгүй, олон зуун иргэд, аж ахуйн нэгжийг хөлөндөө чирж, их хэмжээний хохирол учруулсан тул хорих, хохирлыг төлүүлэх ял өгсөн гэж бичсэн байсан.

-Үүгээр Ерөнхий сайд байх үеийн үйл явдалтай холбоотой асуудлыг хаая. “Биднээс одоо шинэ юм гарахгүй, бид хийдэг алдаа, оноогоо хийсэн. Одоо шинэ үе гарч ирэх ёстой, шинэ төсөл, шинэ үйлсээ эхлүүлэх ёстой. Алдаа онооныхоо дэнсийг нээх ёстой” гэж олон жилийн өмнөх ярилцлагадаа хэлсэн удаатай. Таны тэр бодол хэвээр үү?

-Миний тэр бодол бол хэвээр. Цагийн юм цагтаа. Энэ бол улс төрийн бичигдээгүй хуулийн нэгийн нэг нь. “Нэр өдөр илүү болсноос, нэг сар дутуу бол” гэх бичигдээгүй заалт бий. Үүнийг дагасан байхад алдахгүй.

ШИНЭ ҮЕ ТЭГЭХ ЭРХТЭЙ, БАС ҮҮРЭГТЭЙ

-Өнөөдрийн улс төрийн өрөг дээр танай намын залуу дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 80-аад оныхон гол тоглогч болчихлоо? Залуу Ерөнхий сайдын байр суурь, Засгийн газрынх нь бодлого өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралыг засна гэж байгаа харагдах юм? Шулууухан хэлэхэд ах та нарынхаа хийсэн алдаа завхралыг засна гээд байна? Үүнийг та юу гэж үздэг вэ?

-“Өнгөрсөн 30 жилийн алдаа, завхрал” гэж их ярих болж. Алдаа, завхрал байсан уу. Байсан. Тэрнийг засах нь зөв үү. Зөв. Бурууг засч, муруйг тэгшлэх ёстой. Шинэ үе тэгэх эрхтэй, бас үүрэгтэй. Гэхдээ өнгөрсөн 30 жилийн бүх юм алдаа завхрал байсан гэж арай хэлээгүй байх. Тэгвэл манай намд шинэ шинэ үе элдэв саадгүй ээлжлэн гарч ирээд байгаа нь өөрөө алдаа завхрал болно биз дээ (инээв). Гэхдээ улс төрд яваа улсыг оноор нь ялгаж багцлах нь буруу байх. Ямар цэрэгт байдаг оны ялгаа гаргаж байгаа биш. Үе үеийн төлөөлөл хамтраад л үйлсээ бүтээнэ. “Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ” гэсэн хэлц үг утга учиртай үг шүү.

-Танай намын одоогийн удирдлагууд дан ганц өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралыг засах биш, тогтолцооны томоохон өөрчлөлт хийе гэдгээ ил тод мэдэгдэж эхэллээ. Үндсэн хуулийг боловсруулж, батлах үед Улсын Бага Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан хүний хувьд тогтолцооны өөрчлөлтийг сууриар нь хийх тохиромжтой цаг үе нь мөн үү? Үнэхээр тийм шаардлага бий болчихоод байгаа хэрэг үү?

-Тийм шаардлага шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас л бий болсон. Шинэ Үндсэн хууль маань сайн боловсруулсан түүхэн баримт. Гэхдээ огт өө сэвгүй юм энэ хорвоод үгүй. Шүүх засаглалын бие даасан байдал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдлийн зааг, орон нутгийн эдийн засгийн эрх мэдэл зэрэг зарим асуудал дээр Үндсэн хуулийн зохицуулалт маань учир дутагдалтай явж ирсэн.

-Та бол 1992 оны Үндсэн хууль, тэрнээс хойш Монголын улс төрд өрнөсөн үйл явдлыг хамгийн сайн мэдэх хүний нэг. Одоо яг юу болоод байгааг гадарлах хүний хувьд тогтолцооны гажуудал нь яг хаанаа байна вэ?

-Хариуцлагын тогтолцоонд гажуудал нь бий. Энэ тогтолцоо тодорхой биш байгаа нь манай шинэ Үндсэн хуулийн гол согог нь. Энэ тогтолцоо маш тодорхой, оновчтой байх ёстой. Үндсэн хуулиа оочин цоочин өөрчилж, эсвэл органик хуулиараа зохицуулах гэж оролдоод өөдтэй үр дүнд бид хүрээгүй. Шинэ үе “Бид засна. Бид чадна” гэж байгаа бол дэмжих л хэрэгтэй. Эрт, орой заавал хийх ёстой тогтолцооны жигдлэл, тодотгол юм. Эрт тусмаа улс, нийгэмд л хэрэгтэй. Гэхдээ гүйцэд сайн юм л хийх хэрэгтэй. Дутуу дулимаг юм ахин дахин хийгээд байх тоо бол гүйцсэн.

-Дутуу дулимаг юм хийнэ гэснээс, 1992 оноос хойш Монгол Улс хагас парламент, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай явж ирсэн. Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдэлтэй хэт хутгалддаг. Эсвэл хууль, шүүхийн байгууллагаар дамжуулж парламент, Засгийн газраа барьцаалдаг, эцэстээ засаглалын хямрал руу түлхдэг бодит жишээ цөөнгүй. Үүнийг танай үе болон танай дээд үе яагаад эхнээс нь зөв хийгээгүй, дутуу дулимаг юм хийсэн юм бэ?

-Асуудлыг “хавиргаар” тавиад тавиад явчихдаг овоо сэтгүүлч үү, үгүй юу энэ чинь одоо (инээв). Шинэ Үндсэн хуулийн төслийг Улсын Бага хурал нэг жил гаруй хугацаанд боловсруулж, Ардын их хуралд өргөн мэдүүлсэн. Дутуу дулимаг төсөл болоогүй. Парламентын тогтолцоонд бүрэн дүүрэн нийцсэн, засгийн эрх мэдлийн харилцан шүтэлцээн, тэнцвэрийг хангасан тийм төсөл болсон байсан. Гэтэл Ардын Их Хурлын депутатуудын тэн хагас нь Ерөнхийлөгчийн засаглал Монголд илүү нийцнэ гэж үзэж байлаа.

Тэр үзлийнхээ дагуу Ерөнхийлөгчийг бүх ард түмний сонгуулиар сонгох, шат шатны шүүх, прокурор томилох гэх мэтийн эрх мэдэл түүнд нэмээд “зүүчихсэн”. Ардын Их Хурал дээр санал хураагаад олонхиороо шийдээд явсан заалтууд дотор иймэрхүү зөрчилтэй нь цөөнгүй орсон. Үүнийг нь хэлэхээр “За яах вэ. Яваандаа засна даа” гэж хариулдаг байлаа. Тэгж явсаар өнөөг хүргэсэн түүхтэй.

ЖИНХЭНЭ АНД НӨХӨД НЬ МӨН ЮМ БОЛ БИД ТЭДЭНД БУРУУГ НЬ ШУУД ХЭЛЖ БАЙХ ЁСТОЙ

-Сүүлд Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлаар санал солилцдог болсон байна лээ. Тухайн зөвлөл хэр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм? Ойрмогхон уулзалдаж, санал солилцов уу?

-Энэ бол нэлээд дээр үеэс үргэлжилж буй уламжлал. Зөвлөл ойр ойрхон цуглаад байдаггүй. Ерөнхий сайд бодлого, үйл ажиллагааныхаа тодорхой асуудлаар зөвлөлдөх хэрэгтэй гэж үзвэл хуралдуулдаг. Тэр ажлаа танилцуулна, бид зөвлөнө, тэр сонсоно. Авах, гээх нь түүний эрхийн асуудал.

-Нэг зүйлийг тодруулж асуумаар санагддаг юм. Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, эрхэлж явсан албан тушаалынх нь хувьд С.Баяр гэдэг хүний намтрыг Оросоос салгаж харах боломжгүй. Гэтэл үзэл бодол, үнэт зарчим талаасаа Оросыг хамгийн их шүүмжилдэг нөлөө бүхий улстөрч нь яалт ч үгүй Та болчихоод байна.

-Манай үеийн нэлээд хэсэг нь минийх шиг иймэрхүү намтартай. Бидний үе Орос орныг, орос хүнийг гайгүй сайн мэднэ, хүндэлнэ. Гэтэл энэ улсын удирдлага түрэмгий дайн өдөөж, цаад хөрш Украин улсыг ч, Орос улсаа ч сүйрүүлж байна. Хэчнээн ч хүн амь үрэгдэв дээ. Бусдыг дорд үздэг их гүрний дээрэнгүй, балмад ийм хандлагад ирээдүй байхгүй. Байх ч ёсгүй. “Зөвд зөөлөн, бурууд хатуу бай” гэх өвөг дээдсийн маань сургааль бий. Орос орны жинхэнэ анд нөхөд нь мөн юм бол бид тэдэнд бурууг нь шууд хэлж байх ёстой. Тэрнээс бурууг нь өөгшүүлээд, аялдан дагалдаад байвал тэднийг ч, өөрсдийгөө ч баллана.

-Дайн гэдэг нь хүсэх зүйл биш. Гэхдээ Оросыг чиглэсэн бидний байр суурь зөвхөн дайнаар хязгаарлагдах ёсгүй биз дээ? Таныг Элчин сайдаар ажиллах байх үеийн Оросыг өнөөгийнхтэй нь харьцуулахад өдөр, шөнө шиг зөрүүтэй. Нөгөө талаас улсаа үүрээд нүүж чадахгүйгээс хойш Орос орон Монголын мөнхийн хөрш хэвээрээ л байх нь туйлын үнэн мөн үү?

-Мэдээж. Мөнхийн хөрш айлтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж, шаардлага бий. Тэнгэрийн муухай арилж, шинэ сайн цаг ирнэ ээ!.

-Урд айл маань ч цар тахлынхаа давалгаанаас хараахан гарч чадаагүй л байна?

-Хүн ам ихтэй энэ том айл гал алдвал эргэн тойронд сүйрэл болно. Учрыг нь олоод аюулаа дараад авах байлгүй дээ. Хойноо дайнтай, урдаа дажинтай удвал бид хэцүүднэ шүү.

-Яг ийм амаргүй цаг үед бид гадаад бодлогоо ямар байдлаар зангидах ёстой юм?

-Урд нь яаж зангидаж байсан, яг тэрэн шигээ л зангидах ёстой биз. Гадаад бодлогод, түүний хэрэгжилтэд өөрчлөлт орох үндэс шалтгаан алга байна.

-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Шүүхийн тангараг ба тонгорог!
Шүүхийн тангараг ба тонгорог!
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.