Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг яамныхаа томилгоотой холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Гадаад Харилцааны Яаманд шахааны бизнес гэж байдаггүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд улс төрийн шахалтаар томилгоо хийгдэж байсныг үгүйсгэхгүй. Дэлхийн улс оронд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний албан тушаалыг улс төрийн томилгоогоор шийдэх практик байдаг. Улс орон болгоны онцлогоос шалтгаалж 100 хувь дипломатууд биш 70:30-ын харьцаатай ч юм уу. Зарим улс оронд улстөрч томилох нь харилцаанд нь илүү нөлөөлдөг. Энэ бол хэвийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл, өөр салбарын өөр ажил мэргэжилтэй хүмүүс томилогдох тохиолдол бий. Тогтворгүй засаг, олон Засгийн газар солигдох хугацаанд хэлний мэдлэггүй, боловсролгүй хүнийг томилсон алдаа бий. Энэ асуудлыг засахын төлөө явж байгаа.
Миний хувьд Гадаад харилцааны сайдаар ажиллаж буй хоёр жилийн хугацаанд дандаа мэргэжлийн томилгоо хийсэн. Хоёр жилийн хугацаанд 26 Элчин сайд томилогдсон. Тухайн хүмүүсийн 80 гаруй хувь нь ГХЯ-ны үндсэн дипломатууд байгаа юм. Гаднаас томилогдсон цөөхөн Элчин сайд нар тодорхой шалгуур хангасан. Одоо бол бид ажлыг нь маш сайн дүгнэдэг болсон. Зургаан сар тутамд ажлын тайлан авч байгаа. Илүү хариуцлагатай болсон.
Ажилтнуудын томилгооны асуудал эрүүлжиж байгаа. Дөрвөн жилийн хугацаатай томилогддог учраас өмнөх янз бүрийн байдлаар томилогдсон хүмүүсийн хугацаа нь дууссан. Ёс журмаараа ямар байх ёстой вэ гэдэг байдал руу шилжиж байгаа.
"Хэрэгт холбогдсон, сэвтэй нэртэй дипломатуудыг ажилд томилохгүй"
Дипломат төлөөлөгчийн 49 газарт 200 хүрэхгүй дипломат ажиллаж байна. Цөөхөн хүн олон хүний ажлыг хийдэг. Манай дипломатууд доод тал нь 2-3 хэлтэй, төгс бичиж, уншиж, ойлгодог байх ёстой. Дипломатуудын тоо, цалин, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд хэмнэлтийн горимоор ажиллалаа. Дипломатуудын авч буй цалин дэлхийн дунджаас дор хаяж 40 хувиар бага байдаг. Ийм ур чадвартай хүмүүсийг илүү олон болгож, ховор хэлтэй хүмүүсийг бэлдэх хэрэгтэй. Дээрээс нь үндэсний дипломатуудыг бэлдэх нь чухал байна.
Дуулиант хэрэгт холбогдсон дипломатуудыг ажлаас нь чөлөөлсөн. Хяналт эрс сайжирсан. Ямар нэгэн хэрэгт холбогдсон, сэвтэй нэртэй дипломатуудыг ажилд томилохгүй байх бодлого барьж байгаа" гэдгийг хэллээ.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Н.Энхбаяр гуай Элчин сайдын яамдад тараасан гэдэг мэдээллийг бид хэвлэлээс олж мэдсэн. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, төр засгийн аливаа албан ёсны шийдвэрийг дипломат төлөөлөгчийн газруудад ГХЯ-аар дамжуулж, өгдөг. Энэ тохиолдолд ГХЯ уг асуудлыг мэдээгүй, өгөөгүй. Цөөхөн Элчин сайдын яамд уг төслийг хүлээж авсан талаараа манайхаас лавласан. Бид энэ бол Засгийн газрын байр суурь биш гэдэг хариултыг өгсөн. Н.Энхбаяр гуайн хувьд, хэлэхэд аливаа улс оронд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг дипломатууд хүлээн авч уулзах, хүндэтгэл үзүүлэх, санал бодлыг нь сонсох нь нээлттэй.
Манай хилийн чанадад сууж байгаа дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдууд ч гэсэн ийм тохиолдолд уулзаж саналыг нь сонсох нь нээлттэй. Тэгэхээр гадаад улсад сууж байгаа дипломат төлөөлөгчийн газрынхан тухайн төслийг Монгол Улсын Засгийн газрын байр суурь биш гэдгийг сайн ойлгож байгаа. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн. Бид санал нэг байгаа" гэв.