Сүүлийн үед иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд ЭТТ ХК-ийг ногдол ашиг тараахыг шаардах болсон. Ингэхдээ Засгийн газарт цагаан сарын баяраас өмнө ногдол ашиг тараахыг шаардаж, шаардлага хүргүүлж буй. ЗГХЭГ-ын дарга энэ талаар тайлбар өгчээ.
Д.АМАРБАЯСГАЛАН:
- ЭТТ 2019 оныг хүртэл алдагдалтай ажилласан. 2020 онд анх удаа ашигтай ажиллаж, ард иргэдэдээ ногдол ашиг тараасан. 2021, 2022 онд ЭТТ ХК Төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг томоохон төслийг хэрэгжүүлсэн.
- Бэлэн мөнгө тараах нь эдийн засагт инфляц өсөх, үнийн өсөлт нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар дагуулдаг. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яамнаас бага хэмжээгээр байнга ногдол ашиг тараахаас илүү ногдол ашиг нь ард иргэдийн амьдралд бодит хувь нэмэр оруулахуйц үр дүнтэй хэмжээнд хүргэх нь чухал гэж үзэж байна.
- ЭТТ дотооддоо 500 гаруй тэрбум төгрөгийн бонд босгосон. Мөн төмөр замын санхүүжилтийн үлдэгдэл болон бусад өр төлбөрүүд бий. Хэрвээ эдгээр өрөө төлөхгүй бол ЭТТ ХЗ ирэх жилээс дахин алдагдалтай ажиллана. Тиймээс юуны түрүүнд өр төлбөрөө барагдуулах нь зөв. Тооцоолол хийснээр бол ЭТТ 2021 онд 190 гаруй тэрбум төгрөгийг ногдол ашигт тараахаар байсан. Энэ нь нэг хүнд 15000 төгрөг, 2022 онд 110 тэрбум төгрөгийг буюу нэг хүнд 10000 төгрөг тараах тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл хэрвээ цагаан сараас өмнө иргэдэд ногдол ашиг тараавал нэг хүнд 25 мянган төгрөг тараахаар байгаа нь иргэдийн амьдралд төдийлөн тус болохгүй. Тиймээс хувьцаагаа илүү үр ашигтай болгохын тулд эхлүүлсэн төслүүдээ хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна.
- Нэр бүхий УИХ-ын гишүүд ЭТТ-ийн ногдол ашигт 2 сая орчим төгрөг тараах боломжтой талаар ярьсан. ЭТТ ХК-ийн жилийн нийт орлого нь 6-7 их наяд төгрөг. Хэрэв иргэн бүрт 2 сая төгрөг өгнө гэвэл олсон бүх орлогыг нь бүгдийг нь тараана гэсэн үг.