Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж буй талаар бид мэдээлсэн.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд Монгол, Солонгосын Бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцон мэндчилгээ дэвшүүлж, тус улсын томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагын удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцана. Мөн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа юм.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор БНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчууд цуглаж дуу хоолойгоо хүргэх жагсаал зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Гадаад оюутнуудын дагалдан виз болох нөхөр, хүүхдүүдийн визийг Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-ны газар асуудалгүй өгдөг болох, дагалдан визэд БНСУ-д ажиллах эрхийг нь өгөхийг хүсэх. Мөн Солонгос Улсад хавдрын улмаас эмчлүүлж байгаа иргэдийг эмнэлгийн төлбөрийн дарамтаас чөлөөлөхөд тусалж, хандив гуйх болон гадаадад суралцаж, амьдарч буй монголчуудад тулгамдаж буй асуудлын талаарх дуу хоолойгоо өргөхөөр болсон байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Харин БНСУ-д болж буй цуглаанд оролцох нөхцөл нь:
Монгол Улсын иргэн байх (БНСУ-ын иргэн болсон эсвэл давхар иргэншилтэй иргэд оролцохгүй байх)
Ерөнхий сайдад хэлэх үгээ А4 цаас дээр Монгол хэлээр бичиж ирэх болон өөрөө ирж амжихгүй тохиолдолд бусдаар дамжуулж өгөх,
Жагсаалын үеэр архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх,
Уриа, лоозон бэлдэж ирэх,Солонгос улсын эмнэлгийн төлбөрийн дарамтад байгаа өвчтөний ар гэрийнхэн зөвхөн хандив гуйх
Цуглаанд оролцох хүсэлтэй хүмүүс 010-8605-9196 утас руу зөвхөн мессеж илгээж бүртгүүлэх бөгөөд бүртгүүлсэн иргэдэд цуглааны өдөр, цагийг мэдэгдэх юм байна.
Түүнчлэн Солонгос Улсад хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 31-н хүртэл хууль бусаар амьдарч байгаа иргэдийг баривчлан буцаахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Тэгү хотод бослого гарч буй юм. Албан бус эх сурвалжийн мэдээллээр БНСУ-д хууль бусаар ажиллаж буй зарим монгол иргэд тус жагсаалд нэгдсэн байна. Тэд БНСУ-ын ЗГ-аас хууль бус гадаад иргэдийг барих ажлаа сунгах, зогсоохыг шаардаж буй аж.